
Монголын урлагийн салбарынхан “Алтан” тайз гэж хүндэлж ярих дуртай. Тэгвэл тэр хүндэт тайзан дээрээ хар тамхины хэрэгт холбогдсон уран бүтээлчдээ гаргаж өөгшүүлмээргүй байна. Үгүй бол монголыг урлагаар гэгээрүүлж яваа гэх зарим нөхдүүд хүүхэд залуусыг хар тамхинд уруу татаж, живүүлэх нь. Учир нь урлагийн салбарынхны хар тамхины хэрэгт холбогдох цуваа тасрахгүй нь. Тодруулбал, хоёрхон хоногийн өмнө нэгэн залуу уран бүтээлчээс хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь эхний байдлаар тогтоогдож. Артист Morningstar гэх залуу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Шалгалтын явцад каннабис гэх бодисыг хураан авсан байна. Урлагийн салбараас хар тамхи хэрэглэж байгаад баригдсан энэ тохиолдол анхных биш.
Одоогоос 15 жилийн “Харанга” хамтлагийн дуучин Х. Лхагвасүрэн хар тамхи хэрэглэж, шүүхээс 10 жилий ял сонссон ч өршөөл үзүүлсэн. Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр хар тамхины хэрэгт хэд хэдэн удаа холбогдож шүүх цагдаа болж байсан хэдий ч өнөөдөр хөдөө мал маллаж, ард түмэн сайхан амьдарч буйг нь шагшаад сууж байна. Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэж шүүхээс 2 жилийн ял сонссон ч эцэстээ батлан даалтад гарсан. “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, “Ice top” хамтлагийн Д.Манлайбаатар, реппер Don Dior нар хар тамхины хэрэгт холбогдож тэнцэх харгалзах ялаар цайрсан удаатай. Гурван жилийн өмнө “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнбаяр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын нэг төрөл болох мөс хэрэглэж байгаад баридсан. Бас л хилээр гарах эрхээ хязгаарлуулаад намжсан. Цааш нэр холбогдсон одуудыг бичвэл нэлээдгүй нэр хөвөрнө. Тухайн үедээ “алдаагаа ухамсарлалаа, ард түмнээсээ уучлал хүсч байна” гэж уйлан дуугараад алга болдог. Ингэж явсан нөхдүүд одоо өнөөх алтан тайзан дээрээс өрөвч сэтгэлтэй ард түмнээ хараад инээд нь хүрдэг биз. Үүний илрэл бол дахин хар тамхинд холбогддог байдал. Гэвч дахиад л суллагддаг. Дахиад л өнөөх тайзан дээрээ. Ийм хүмүүсээс нийгэм юу ч хүлээх хэрэггүй. Залуу уран бүтээлчдэд муу үлгэр дуурайлал үзүүлэх боллоо. Овоо олонд танигдаад уран бүтээл нь жигдрээд ирэхээр л хар тамхи руу орчихдог боллоо.
Хууль хяналтын байгууллага нь ч зохих ял шийтгэлийг нь өгөх хэрэгтэй. Төр засаг нь хар тамхи хэрэглэсэн уран бүтээлчдийг шагнаж урамшуулмааргүй байна. Урлагийн салбар нь ч хатуу хариуцлага тооцдог байхгүй бол өөгшүүлж толгойг нь илсээр байвал монголын ирээдүй хар тамхинд шивэхэд ойрхон байна.
Д.СҮРЭН