
БШУЯ-наас багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын талаар болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаараа мэдээлэл өглөө.
Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Дипломын зөрчилтэй багш нарт ямар арга хэмжээ авах вэ. Бага ангийн багш нарт зөрчил их илэрсэн гэлээ. Гэтэл бага ангийн багшийн орон тоо хамгийн дутагдалтай байгаа шүү дээ?
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Боловсролын баримт бичиг зөрчилтэй багш нарыг чөлөөлнө. Бага ангийн багш нарын хэрэгцээ байгаа нь үнэн. Гэхдээ боловсролын баримт бичиг зөрчилтэй багш нараар бид энэ салбараа бүрдүүлж болохгүй. Өнөөдөр Их, дээд сургууль төгссөн 1.700 гаруй ажилгүй багш нар байна. Мөн МУИС-ийг багшаар биш ч химич, физикч, математикчаар төгссөн төгсөгчдийг багшийн сургалтад мэргэшүүлж дүйцүүлэх ажлыг зохион байгуулж багш нарынхаа хэрэгцээг нөхөх боломж бидэнд бий.
- МХЕГ-аас анх удаа багш нарын боловсролын баримт бичигт шалгалт хийж байгаа юм уу. Яагаад өмнө нь шалгаж болоогүй юм бэ?
МХЕГ-ын дарга Б.Баасандорж: МХЕГ-аас энэ төрлийн шалгалтыг хийж байсан. Тухайн төрийн байгууллагын хүсэлтээр хийдэг гэсэн үг. Зөрчилтэй зүйл илэрвэл цагдаагийн ерөнхий газарт шилжүүлдэг.
Мөн гэмт хэрэгт холбогдсон ямар ч албан тушаалтныг прокурорын шийдвэрээр шаардлагатай бол албан тушаалаас нь түдгэлзүүлэх зүйл заалт байгаа.