Г.БАТМӨРӨН: Бага ангийн дүү нар намайг хараад “баатар явж байна” гэдэг болсон

Admin | 2022-09-06


Наймдугаар сарын 31-нд Баянзүрх дүүрэгт байрлах "Тime Tower" хотхон дахь орон сууцны гурван давхраас унах гэж байсан хүүхдийг тухайн үед цонх угааж байсан иргэн аварсан билээ. Эрдэнэт хүний амь аварсан ажилтан бол ЕБС-ийн сурагч Г.Батмөрөн юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа. 

-Хүүхдийн амь аварч баатарлаг үйлс бүтээсэнд баярлалаа. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Намайг Г.Батмөрөн гэдэг. Би “Өнөр” цогцолбор 82 дугаар сургуулийн 11ё ангид сурдаг. Одоо 16 настай.

-Тухайн өдөр болсон үйл явдлын талаар тодруулахгүй юу. Хүүхэд цонхны тавцан дээр гарсныг яаж мэдсэн бэ?

-Тухайн өдөр “Тime Tower” хотхоны дээвэр дээр ажлаа хийгээд явж байсан. Тэгсэн байрны гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гайхаад харсан чинь бага насны хүүхэд гурван давхрын гэрийнхээ цонхны гадна тавцан дээр зогсчихсон байсан. Хотхоны хамгаалагч ах намайг дуудаад "ахын дүү тэр хүүг авраад өгөөч" гэсэн. 

-Хүүхдийг аврах гэж доош буухдаа айж, сандрав уу?

-Тухай үед их айсан. Гэхдээ хүүг хараад шууд л дээвэр рүү гарсан. Дээвэр дээр гарч олс зэрэг хамгаалалтын хэрэгсэлээ хурдхан зүүж аюулгүй байдлаа хангаад доошоо шууд л буусан. Тэр хооронд юм бодох сөхөө ч байгаагүй. Зөвхөн хүүг эсэн мэнд гэрт нь оруулахыг л хичээсэн.  

-Тухайн хүүхэд ямархуу байдалтай байсан бэ?

-Хүүхдийн хувьд 5-6 настай л болов уу. Маш их айж сандарсан байдалтай байсан.

-Хүүхдийн эцэг, эх холбогдсон уу?

-Холбогдоогүй.

-Орон сууцны дээврээс олсоор анх удаа буусан гэж ярьсан?

-Тийм ээ. Сарын өмнөөс ахынхаа ажилд туслахаар орсон. Зуны амралтын үе таарсан учраас хэрэглээнийхээ мөнгийг олох зорилготой ажиллаж байсан. 

-Хүүхдийн амь аварсны дараа төрсөн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Ямар ч байсан хүүг аюулгүй болголоо гэж бодоод тайвширсан. Аав, ээжүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй битгий орхиж байгаарай гэж захимаар байна.

-Аав ээж нь байнга захидаг үг бий юу?

-Аав ээж маань надад “миний хүү сайн л хүн байгаарай” гэж захидаг.  Аав ээждээ маш их хайртай шүү гэж хэлмээр байна.

-Хүүхэд аварч байгаа бичлэг нь цахим орчинд тарж олон хүнд хүрсэн шүү дээ. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?

-Их сайхан байсан. Найзууд маань баяр хүргээд “мундаг байсан шүү” гэж хэлсэн. Сургууль дээрээ ирэхэд бага ангийн дүү нар маань намайг хараад “баатар явж байна” гэдэг болсон /инээв/.

-Сургуулиа удахгүй төгсөх юм байна. Ямар мэргэжилтэй болох вэ?

-Цаашид хуульч юм уу IT инженер болох зорилготой байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)