
Манай улс дотооддоо МАК, Монполимент, “Хөтөл шохой цемент” гэсэн гурван том цементийн үйлдвэртэй. Гэвч дээрх үйлдвэрүүд дотоодын зах зээлээ хангаж чадахгүй байна. Үүний улмаас сарын өмнө нэг тонныг нь 350 мянган төгрөгт барьсан цементийн үнэ дахин нэмэгдэж 600 мянган төгрөг хүрчээ.
Барилгын материалын хамгийн том зах гэгдэх 44 дүгээр захад тонн цемент 550-600 мянган төгрөгийн ханштай байна. Ингэхдээ нийлүүлэлт бага учир өдөртөө 40, 50 вагон буугаад ченжүүд булаацалдаад аваад дуусчихдаг аж. Харин жижиглэнгээр нэг шуудай цементийг 25-28 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Сарын өмнө “Хөтөл шохой цемент” үйлдвэр нэг шуудайг нь 15 мянган төгрөгөөс дээш гаргахгүй хэмээн нийлүүлэлтийг нэмэгдүүлж байв. Гэвч уг үйлдвэрт гэмтэл гарч засвартай байгаа учир Хөтлөөс хот руу цемент орж ирэхгүй байгаа гэсэн үг. Харин МАК тогтмол өдөртөө 4000 орчим тонн цемент үйлдвэрээс нийлүүлж байгаа аж. Ингэхдээ тонн нь үйлдвэрээс 335 мянган төгрөг гардаг байна. Улмаар хот руу хүргэгдэж ченжүүдийн гар дамжсаар иргэдийн гарт тонн нь 600 мянган төгрөгөөр хүрч байна.
Монполимент шуудайгүй болсон учраас зөвхөн задгай цемент нийлүүлж байгаа аж. Ямартай ч гурван том үйлдвэрийн хоёр нь доголдсон учраас дотоодод цементийг хомсдол үүсч үнэ нь тэнгэрт хаджээ.