
Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багт Нарантолгойн хоёрдугаар гудамжинд гэр шатаж, хоёр хүүхэд харамсалтайгаар нас барсан хэрэг гарлаа.
Тодруулбал, өнгөрсөн шөнө 02:41 цагт аймгийн Онцгой байдлын газарт байшин шатаж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид таван км замыг туулан 02:49 цагт очиход иргэн М-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр шатаж байсныг 03:20 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 04:38 цагт бүрэн унтраасан байна. Уг гал түймэрт М /8 настай, эрэгтэй/, М /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас баржээ.
Цогцсыг 03:43 цагт гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.