М.БИЛЭГТ: Өвөл болохоор хүйтэн болдог

Admin | 2022-09-13


  УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Өвөл болохоор хүйтэн болдог” гэж хэлж олны доог тохуу болж байсан удаатай. Үнэндээ түүний хэлсэн үнэн л үг. Тэгвэл жинхэнэ доог тохуу болохоор шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Учир нь Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан импортын цементийн татварыг он дуустал тэглэх санал оруулж дэмжигдэв. Гэвч гишүүн асан М.Билэгтийн хэлсэн шиг өвөл болохоор хүйтэн болдог. Хүйтэн болохоор барилгын ажил зогсдог. Барилгын ажил зогсоход сарын хугацаа үлдсэн байхад импортын цементийн татварыг тэглэх хэнд хэрэгтэй юм. Тэгээд он дуустал шүү.

Хавар ид барилгын бүтээн байгуулалт өрнөх үеэр цемент нэг шуудай нь 25 мянган төгрөг хүрч байхад энэ шийдвэр ус агаар мэт хэрэгтэй байсан болов уу. Энэ зунжин барилгын салбарынхан цементийн үнээс болж ажлаа урагшуулж чадаагүй, ажилласан нэг алдагдал хүлээгээд дампуурч байна. Тухайн үед төрийн “Хөтөл шохой цемент”-ийн дарга Л.Наранбаатар “Цементийн үнийг барина. Цементээр таслахгүй” гэж ирээд л сүрхий ярьсан. Харин одоо түүний удирдаж буй үйлдвэр дампуурч, хувийн хэвшлийн хоёр үйлдвэр дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Үр дүнд нь цемент шуудай нь 30 мянган төгрөг, тонн нь 600 мянган төгрөг болчихоод байна. Тиймээс барилгын салбарынхан ганцхан сар ажиллаад хүйтэрч ажил зогсохын хооронд үнэтэй цемент авч давхар шатаад яахав гэж ярьцгааж байна.

Харин Засгийн газарт яригдаж буй импортын цементийн татварыг тэглэх яриа нь уналтад ороод буй барилгын салбараа бодсондоо ч биш Дарханы замаа дуусгах амлалтаа биелүүлэхтэй л холбоотой гэж харагдаж байна. Учир нь долоо хоногийн өмнө шинэхэн салбарын сайд нь Дарханы замын ажилтай танилцахад цементгүй гээд таг зогсчихсон байсан. Тиймээс тамын тогооны үлгэр шиг урт настай замаа дуусгахын тулд л цементэд анхаарлаа хандуулаад эхэлсэн бололтой.

Нөгөө талдаа дотоодын цементийн үйлдвэрүүдээ дэмжихийн оронд импортын татварыг тэглэж байгаа нь дотоодын үйлдвэрээ дэмжинэ гэсэн уриа лоозонгоо өөрсдөө урж тасдаж байгаатай агаар нэг биз ээ. Өнөөгийн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнээс юу ч хүлээх хэрэггүй юм байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хийж чаддаг хүнд нь өгч огцрох хэрэгтэй.  Түүний Засгийн газраас 400 сая жуулжин хүлээж авна, тамхины иш хаявал 50 сая төгрөгөөр торгоно, одоо цементийн татварыг тэглэнэ гээд огт амьдралд буухгүй шийдвэр гаргах юм. Энэ дунд ард түмэн, аж ахуй нэгжүүд нуруугаа авхуулсан морь шиг л амьдрах боллоо.

Д.Даваасүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)