
Энэ сарын 5-ны өдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсон. Тус хуралдааны үеэр хотын дарга Д.Сумъяабазар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах, есдүгээр сарын 15-аас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалт өгөх үүргийг өгсөн юм.
Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2016 оны наймдугаар сарын 23-ны тушаалаар халаалтын улирал эхлэх дуусах хугацааг төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтын эхлэх хугацааг есдүгээр сарын 15-наас, дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон байдаг.