
Дэлхийн хэмжээний холимог тулааны тэмцээнийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр энэ оны арваннэгдүгээр сарын 26-нд Мөсөн өргөө (Степпе Арена)-д зохион байгуулах гэж байна. Тус шоуны төслийн танилцуулга арга хэмжээ энэ сарын 15-нд болсон юм.
Монголын шилдэг 40 тамирчныг хотоос зайдуу байрлуулаад реалити шоу хэлбэрээр тулааныг зохион байгуулсан бөгөөд тэмцээний нэвтрүүлгийг өнөөдрөөс эхлэн ням гараг бүр "Монгол ТВ" телевизээр 19:30 цагт хүргэх юм. Уг тэмцээний ялагч нь холимог тулааны “One Championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ хийж, Монголыг дэлхийн өмнө төлөөлнө. Үзэгчдэд зориулсан финалын шатны тоглолт арваннэгдүгээр сарын 26-нд болох юм.
“Бид Road to ОNE Mongolia төслийн лицензийг төв азийн улсуудтай өрсөлдөж 2021 онд авсан”
Төслийн танилцуулга арга хэмжээний үеэр тус Төслийн Удирдагч Д.Золбоотой ярилцлаа.
-Юуны өмнө төслийн талаар танилцуулахгүй юу. Тус төсөл манай улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна уу?
-“Road to ОNE Mongolia” гэх төсөл маань “One championship” буюу дэлхийн хэмжээний, Азийн хамгийн том холимог тулааны холбооны албан ёсны эрхтэй Монголд анх удаа зохион байгуулагдаж буй төсөл юм. Бид төслийн лицензийг төв азийн улсуудтай өрсөлдөж 2021 онд авсан. Эхний улирлын тэмцээнийг реалити шоу хэлбэрээр хийгээд есдүгээр сарын 18-наас эхлэн “Монгол ТВ” телевизээр гаргаж эхлэх гэж байна. Тэмцээний ялагч нь холимог тулааны “One Championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ хийнэ.
-“Road to ОNE Mongolia” төсөл манай улсад хэрэгжиж эхэлсэн нь ямар давуу талтай вэ?
-“One Championship” Монгол улсад орж ирснээр монголын тамирчид дэлхийн хэмжээний тэмцээнд өрсөлдөж энэ төрлийн спорт манай улсад хөгжих гүүр болж байгаа юм. Монголдоо дэлхийн жишигт хүрсэн холимог тулааны холбоог оруулж ирж өөрийн улсынхаа тамирчдыг дэлхийн дэвжээнд гаргах зорилготой төслөө эхэлсэн.
-Шилдэг 40 тамирчдыг ямар шалгуураар сонгон авсан бэ?
-Сонгон шалгаруулалтаар нийт 40 тамирчныг сонгосон. Ингэхдээ 61, 66 гэсэн хоёр жин дээр сонгож өрсөлдүүлэхээр бэлтгэсэн. Мөн тулааны урлагаар тодорхой хэмжээнд хичээллэсэн, сонирхогчдын тэмцээнд оролцож байсан болон олон улсад тодорхой хэмжээний амжилт гаргасан тамирчдаар багаа бүрдүүлсэн. Тамирчид маань монголдоо мэргэжлийн гэж хэлж болохоор тамирчид байгаа.
-“Road to ОNE Mongolia” төсөлд түрүүлсэн тамирчинд ямар боломжууд нээгдэх вэ?
-Хамгийн түрүүнд “One Championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээг байгуулна. Тухайн тамирчин маань өөрөө цааш явах ирээдүй байвал маш олон боломжууд нээгдэнэ.
-“Road to ОNE Mongolia” төсөл манай улсад дахин зохион байгуулагдах боломж бий юу?
-Эхний төсөл арваннэгдүгээр сарын 26-нд дуусна. Ирэх жилээс дахин зохион байгуулагдана. Бид төв азийн эрхийг авсан байгаа.
Тус төсөл нь АНУ, Тайланд, Европын орнуудад албан ёсны эрхтэйгээр хэрэгжиж байсан ч Азидаа төдийгүй нийт төслийн хүрээнд ММА болон телевизийн реалити шоу хэлбэрээр хэрэгжиж буй анхны тохиолдол нь манай улсад болж байна
"Road to ОNE Mongolia" шоуны Улаан багийн ерөнхий дасгалжуулагч, МУГТ Б. Дамланпүрэв:
-Монголдоо анх удаа энэ төрлийн төслийг зохион байгуулж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Бид энэ төслөөрөө монголоосоо шилдэг тамирчныг сонгон шалгаруулж дэлхийн хэмжээнд гаргаж өрсөлдүүлэх зорилготой байна. Эхний ээлжид 40 тамирчныг сонгон авч улаан болон цэнхэр гэсэн хоёр багт хувааж хооронд нь тулалдуулна. Эндээс шилдэг нэг тамирчин ялж дэлхийд монголоо төлөөлж тулалдана.
-Тулааны төрлийн спортын бусад спортоос ялгарах онцлог нь юу вэ?
-Холимог тулааны гол зорилго нь олон янзын тулааны төрлүүдийг нэгтгэж байдгаараа онцлог. Мөн холимог тулааны спортоор хичээллэж, амжилт гаргахын тулд асар өндөр бэлтгэл, хөдөлмөр шаарддаг. Тулааны төрлийн спортын олон арга техникүүдийг бүгдийг эзэмшсэн байх шаардлага тулгардаг.
“Бид тулаанч ард түмний үр сад учир энэ төрлөөр дэлхийд гарах бүрэн боломж бий”
Шоуны багийн ахлагч, Холимог тулааны улсын аварга О.Пүрэв:
-Таны хувьд дэлхийн хэмжээний олон тулаанд амжилттай оролцсон. Тулааны спортыг монголдоо зохион байгуулж байгаа сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Монголд холимог тулааны тэмцээн өргөн хэмжээний өндөр түвшинд болж байгаад маш их баярлаж байна. Бид тулаанч ард түмний үр сад учир энэ төрлөөр дэлхийд гарах бүрэн боломж бий. Дэлхийн хамгийн том тулааны холбоотой гэрээ байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг юм.
-Шоуны ялагч “One Championship”-тэй хэдэн жилийн гэрээг хийх вэ?
-Ялагч маань “One Championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээг хийхдээ нэг жилийн хугацаатай гэрээ хийнэ. Мөн гэрээгээ цааш сунгах зарчмаар явна.
-Дэлхийн хэмжээний тулааны шоу манай улсад болсноор тулааны спорт манай улсад хөгжих боломж бүрдэх байх?
-Энэ бол маш том боломж. Уг спортоор хичээллэгч залуусын тоо өсөж, тэмцээн уралдаан олноор зохиогдож, спонсор ивээн тэтгэгч нарын сонирхол ихсэх байх. Мөн монголоо дэлхийд гаргах маш том гүүр болно гэдэгт итгэлтэй байна.
-Тэмцээний шүүгчийн хувьд?
-Тэмцээнийг “One Championship”-ээс тусгай шүүгч ирж шүүнэ. Мөн энэ төслийг хэрэгжүүлэх явцад “One Championship”-ийн мэргэжлийн зөвлөхүүд заавар, зөвлөгөө өгч ажиллана.
А.МӨНХНАРАН