БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны тэргүүнүүд манай улсад айлчилж байгаа билээ. Айчлалын хүрээнд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллах талаар хэлэлцээр хийж зарим тодорхой шийдвэрт хүрчээ. Энэ талаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатараас тодрууллаа.
-Таны урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны тэргүүнүүд манай улсад айлчлаад байгаа. Айчлалын үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны 11 хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад айлчлал хийж байна. Бид албан ёсны уулзалт, хэлэлцээрийг амжилттай боллоо хэмээн дүгнэн хамтран мэдээлэл хийлээ. Манай хоёр байгууллагын хувьд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураад 8 жилийн ой болжээ. Ирэх 2024 онд хамтын ажиллагааны 10 жилийн ой тохионо. 10 жилийн ойгоо дүгнэхэд бид хамтдаа юу хийсэн бэ гэдэг чухал. Тиймээс ойн хүрээнд хийгдэх ажлыг зохион байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулагдлаа. МСНЭ болон БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо хамтарч Хэвлэл мэдээллийн форум зохион байгуулдаг. Уг форумыг жил болгон, эсвэл хоёр жил тутамд зохион байгуулах уу гэдгийг хэлэлцэж нэг жил өнжөөд хийе гэдгээр санал тохирлоо. Өөр олон саналуудыг бодит ажил болгохоор хэлэлцээд байна.
-Энэ удаагийн форум хэзээ зохион байгуулагдахаар товлогдсон бэ?
-Хамтарсан хэвлэл мэдээллийн форумыг 3 жилийн өмнө анх Монголд зохион байгуулж байсан. Форумд БНСУ-аас 25 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж харилцан туршлага солилцож байлаа. Тэгвэл хоёр дахь форумаа 2023 онд БНСУ-д хийхээр тохирлоо. Ингэхдээ форумоо тодорхой сэдвийн хүрээнд хийж байх нь зүйтэй гэдгийг мөн хэлэлцлээ. Ирэх аравдугаар сард БНСУ-д МСНЭ-ийн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг айлчилж эцсийн хэлэлцүүлэг хийж сэдвээ тохирхоор боллоо.
-Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага хамтарч ажиллана гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?
-БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо орон нутагт арван салбар зөвлөлтэй юм байна. Тэрхүү салбар зөвлөлийг Монголын 10 редакцтай холбохоор хэлэлцлээ. Монголын 10 хэвлэл мэдээллийн байгууллага БНСУ-ын 10 хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтын ажиллагаатай болно гэж ойлгож болно.
-Сэтгүүлч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байсан?
-Бид уулзалтаар хэлэлцсэн гол саналын нэг нь сэтгүүлч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх. Сэтгүүлч солилцооны тал дээр богино болон урт хугацааны мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулахаар БНСУ-ын тал анхаарлаа хандуулахаар боллоо. Ингэснээр монголын сэтгүүлчид БНСУ-ын сэтгүүлчдээс туршлага судлах өргөн боломж нээгдэж байна. Мөн шат шатны сэтгүүлч бэлтгэх их, дээд сургуулиудын оюутан солилцоог хэрэгжүүлэх талаар хоёр орны байгууллага адилхан анхаарч ажиллахаар боллоо.
-БНСУ-ын сэтгүүлчид айлчлалын хүрээнд өөр ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?
-Энэ удаагийн БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хийж буй айлчлал “Бид эх дэлхийн сэтгүүлчид” гэсэн уриан дор зохион байгуулагдаж байна. Бид дэлхий нийттэй хөл нийлүүлэх, мөн БНСУ-ын сэтгүүлчид ч байгаль экологийн төлөө дуугарах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж БНСУ-ын сэтгүүлчидтэй хамтран айлчлалын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих зэрэг олон ажлууд төлөвлөгдөөд байна.
Д.ДАВААСҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13