Хөдөлмөр, нийгмийн хамгааллын ДАРААГИЙН САЙД хэн бэ?

Admin | 2022-09-27


   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод сар ч хүрэлгүй Д.Сарангэрэл огцорлоо. Түүнийг нийгмийг ялгаварлан гадуурхаж, доромжилсон хэмээн олон нийтийн хүсэлтийн дагуу Засгийн газраас сайдын суудлаас нь буулгах тушаалыг өчигдөр уншив. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараагийн сайд томилогдтол өөрөө хариуцахаа ч мэдэгдсэн. Тэгвэл дараагийн сайд хэн бэ...?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дараагийн сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Одонтуяа, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар яригдаж эхэллээ. Яригдаж эхэллээ гэдэг нь зориуд олны санал бодлыг тандах гэж эдгээр гишүүдийн нэрийг гаргасан ч байж мэдэх юм.

М.Оюунчимэгийн хувьд сэтгүүлч мэргэжилтэй, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан билээ. Тэрбээр 2020 онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд сарын өмнө Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын ажлаа УИХ-ын гишүүн П.Анужинд хүлээлгэж өгсөн юм. М.Оюунчимэгийн хувьд “боов” хэмээн хоч зүүгээд байгаа бөгөөд олон нийтийн дунд нэлээд нэр хүнд муутай нэгэн. Гэхдээ хувийн амбиц ихтэй учир нам дотроо тохироог зохицуулж мэдэх л юм. Түүнд өмнө нь байнгын хорооны даргаар ажиллаж байсан гэдэг намтар өөрийгөө зүтгүүлэх гол шаанс болно. Гэвч Засгийн газар олон нийтийн шүүмжлэлээр Д.Сарангэрэл сайдыг огцруулсан учир дахин нэр хүнд муутай хүн сайдаар томилж өөрсдөдөө лай хуурахгүй л болов уу.

С.Одонтуяа гишүүний хувьд АН-аас сонгогдсон сөрөг хүчин. УИХ-ын дэд даргаар ажиллаж буй түүний хувьд ХНХ-ийн сайдаар томилогдох магадлал нэлээд өндөр. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Түүнчлэн 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад 2020 оноос дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллаж байна. Улстөрийн хувьд хамгийн туршлагатай нь С.Одонтуяа. Нэр ч цэвэр. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчинд нэг сайдын суудал өгч магадгүй л юм. Гэхдээ АН-ын хувьд хуваагдаж УИХ дахь ус намын гишүүд АН-ыг төлөөлөх боломжгүй болоод байгаа. Үүнээс өөр саад С.Одонтуяагийн хувьд одоохондоо алга.

Б.Саранчимэг гишүүн УИХ дахь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Үндсэн мэргэжил нь цахилгаан, техникийн инженер бөгөөд  2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймдээ ч сарын өмнө Засгийн газрын шинэ бүтэцэд Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар нэр нь яригдаж байв. Тэрбээр мөн л 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа туршлагатай нэгэн. Б.Саранчимэгийн хувьд байгаль орчин, ногоон хөгжлийн төлөө дуу хоолойгоо илэрхийлдэг учир “ногоон” гишүүн гэж ч ярих бий.

Ч.Ундрам гишүүн МУИС-аас гаралтай нэгэн. 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнөх намтар бүгд МУИС-тай холбогддог. Тус сургуулийн оюутнаас удирдлагын багт ортлоо ажилласан нэгэн. Улс төрийн хувьд бусдаасаа хамгийн туршлага багатай нь гэж болно. Тиймээс түүнд сайдын суудалд очиход намтар дутна. Гэвч түүнийг ХНХ-ийн сайдаар очиж магадгүй хамгийн боломжит хувилбар гэж ярих болж. Хэдийгээр туршлага багатай ч МАН-ын гишүүд дундаа хөрөнгө, мөнгөтэйгөөрөө нэлээд дээгүүрт толгой цохидог гэсэн яриа бий. Тиймээс туршлагаас илүү мөнгөтэй хүчтэй болсон өнөө үед Ч.Ундрам огцорсон Д.Сарангэрэлийн суудалд очих дараагийн хүн ч байж мэдэх л юм. Ямартай ч одоогоор ХНХ-ийн сайдаар эмэгтэй томилогдох магадлал өндөр байгаа бололтой. Тэр дундаа С.Одонтуяа, Ч.Ундрам нарын нэр нэлээд өнгөнд яваа даг шүү.

Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)