Г.БАТСАЙХАН: Хан-Уул дүүрэгт зөвшөөрөлгүй баригдсан 200 гаруй гараашийг буулгаж тохижилт хийж байна

Admin | 2022-10-02


  Эко хэмээн нэрлэгдэх болсон Хан-Уул дүүргийн бүтээн байгуулалтын ажлууд иргэнээ, эрүүл мэндээ бодсон гэдэг утгаараа нэлээд анхаарал татах болсон. Тиймээс Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхантай тус дүүрэгт хийгдэж буй онцлох ажлуудын талаар ярилцлаа.

-Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийг өргөтгөх ажил хийгдэж байгаа юм байна. Бараг 40 жилийн нүүр үзэж  буй эмнэлэг байх. Тийм үү?

-Тийм ээ. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга анх 1984 онд баригдаж байсан түүхтэй. Тухайн үед дүүргийн 50 мянга орчим иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээр нээгдэж байсан бол өнөөдөр дүүрэг 250 мянга орчим иргэнтэй болсон. Манай Хан-Уул дүүргийн хүн ам сүүлийн жилүүдэд нэлээд хурдацтай нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор төрийн үйлчилгээ, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний ачаалал ихэссэн. Тиймээс энэ жил Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээг нэмэгдүүлэхээр өргөтгөлийн ажлыг эхлүүлээд байна.

-Эмнэлгийн гадна, дотор засварын ажил хэзээ дуусах вэ?

-Энэ жил нэг цэгийн үйлчилгээг өргөжүүлээд, дотор гадна засварыг гүйцэтгэж дуусгана. Ондоо багтаад ашиглалтад орчихно. Харин ирэх жил эмнэлгийн өргөтгөлийн ажлыг хийхээр төлөвлөөд байна. 

-Дүүргийн хэмжээнд дөрвөн ч цэцэрлэг ашиглалтад орно гэж байсан. Аль хороодод шинээр цэцэрлэг нээгдэж байгаа вэ?

-Энэ жил манай эко, эрүүл дүүргийн хүрээнд хүүхдийн гурван цэцэрлэг барьж байгуулна. Нэг нь 15-р хорооны нутаг дэвсгэрт, нэг нь 4-р хорооны нутаг дэвсгэрт, 16-р хороонд ирэх онд нэг цэцэрдэг байгуулна. 15-р хороо 20 орчим мянган оршин суугчидтай. Тус хорооны тулгамдсан асуудал нь хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж.  Одоогийн байдлаар хуучин 130-р сургууль байсан байрыг тохижуулаад 218 дугаар цэцэрлэг болгосон. Мөн удахгүй “Содон” цэцэрлэгийг тохижуулаад улсын цэцэрлэг болгон ажлуулахаар төлөвлөж байна.

-15-р хороо буюу “Хурд” хорооллын орчимд бас нэг цэцэрлэг шинээр баригдана гэж төлөвлөгдсөн байсан. Гэхдээ газрын маргаантай байгаа гэж сонссон?

-Хан-Уул дүүргийн 15-р хороонд 200 ортой шинэ цэцэрлэг шав тавигдаад байна. Гэхдээ нэлээд бэрхшээл давж байж ажлаа эхлүүлэх нөхцөл байдал үүссэн. Яагаад гэхээр Цэнгэлдэх хүрээлэн тойрсон аж ахуй нэгжүүд газрын маргаантай байсан. Энэ маргаан одоо хуулийн дагуу шийдэгдсэн. Ирэх он тус цэцэрлэг ашиглалтад орчихно. Дүүргийн Засаг даргын орц, гарц чөлөөлөх захирамж гарсан байгаа. Ер нь зөвхөн энэ хэсэгт ч гэлтгүй бүтээн байгуулалтын ажилд хүндрэл учруулж буй нэг зүйл нь аж ахуй нэгжүүд төрийн шийдвэрийг хүндэтгэхгүй байна. Хоёрдугаарт нийтийн сайн сайхны төлөө хийж байгаа бүтээн байгуулалтыг дэмжихгүй байгаагаас ажил удаашрах асуудал гарах нь бий. Хууль эрхзүйн хүрээнд газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудын эзэмших эрхийг хуулийн дагуу цуцлуулж, тухайн байршлуудад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэг сургууль барих ажлыг эхлүүлсэн. Үүний нэг 15-р хорооны 200 ортой хүүхдийн цэцэрлэг. Мөн 4, 16 дугаар хороонд хоёр цэцэрлэг ийм зарчмаар баригдаж байна. Мөн 15-р хороонд жишиг Өрхийн эмнэлэг баригдахаар төлөвлөгдөөд байгаа. Ер нь дүүргийн хэмжээнд нийт жишиг дөрвөн Өрхийн эмнэлэг баригдана.

-Газраас гадна зөвшөөрөлгүй баригдсан гарааш буулгах ажил энэ зун нэлээд эрчимтэй явагдлаа. Танай дүүргийн хэмжээнд хичнээн гарааш буулгав?

-Тэгэлгүй яахав Хан-Уул дүүргийн хэмжээнд ч гэсэн энэ жил нэлээдгүй ажил хийгдэж байна. Түүний нэг нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар манай дүүргийн 13 байршилд зөвшөөрөлгүй баригдсан 200 гаруй гарааш бий. Эдгээрийг буулгаж тохижуулах ажил хийгдэж байгаа. Тухайлбал, 2-р хороонд байрлах Нийслэлийн 65 дугаар цэцэрлэгийн баруун талын 20 гараашийг буулгаж, оршин суугчдын санал хүсэлтэд тулгуурлан автомашины зогсоол, дугуйн зогсоол, явган хүний зам, чийрэгжүүлэлтийн талбай, ногоон байгууламж бүхий тохижилт хийгдэж иргэнд ээлтэй орчинг бүрдүүлээд байна. Өмнө нь гарааш байрлаж буй газрын орчин тойронд хог хаях, бие засах зэрэг орчны бохирдол ихтэй байсан. Гараашуудыг буулгаж байгаа нь давхар орчны бохирдлыг бууруулах бас нэг чухал ажил болоод байна.

-Гарааш буулгаад оронд нь юу барих шаардлагатай байгааг иргэдээс асуудаг уу?

-Тохижилтыг хийхдээ тухайн оршин суугчдын хүсэлт, саналд тулгуурлаж хийж байгаа. Зарим иргэд ногоон байгууламжтай болохыг хүсч байхад нөгөө хэсэг нь автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайтай байхыг хүсдэг. Тэгэхээр орчны нөхцөл байдалтай уялдуулж тохижилтыг хийж байна. Энэ ондоо багтаагаад гарааш чөлөөлсөн бүх газраа тохижилтын ажил хийнэ.

-Мөн энэ жил танай дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлаас харахад хуучны байрууд дунд 16 тоглоомын талбай байгуулна гэсэн байсан?

-Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн талбай, орон сууц, гэр хороололд нийт 16 тоглоомын талбайг шинээр байгуулна. Энэ ажлын хүрээнд 2-р хорооны 7, 8 -р байрны арын даланг ногоон байгууламжтай Эко хүүхдийн тоглоомын талбайн дүүргийн төсвийн хөрөнгөөр ашиглалтад оруулсан. Тус талбайд эко гэрэлтүүлэг, камержуулалттай явган хүний зам, теннис, сагсан бөмбөгийн талбай, чийрэгжүүлэлтийн тоного төхөөрөмж, сандал, сүүдрэвч, автомашины зогсоол зэрэг тохижилтыг цогцоор нь хийсэн. Үерийн даланг сайжруулсан эко хавтангаар бүрж тохижуулсан. Мөн уг байршил нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихээр зорчдог хэсэг учраас тус хэрэгцээт иргэдэд зориулсан тохижилттой. Тиймээс ойр орчмын орон сууны айлууд ихэд сэтгэл хангалуун байгаа. Цаашдаа ч гэсэн үүнтэй адил иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэхийн төлөө манай эко дүүрэг анхаарах болно.

 

                                                                                                                     Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)