Хан-Уул дүүргийн 15-р хороо буюу Цэнгэлдэх орчмын хүн амын нягтрал нэлээд хурдацтай явагдаж буй. Үүнтэй холбоотойгоор энэ жил цэцэрлэгийн ажил эхлэхээр байгаа бол удахгүй өрхийн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, “Хурд” хорооллын ард буюу Цэнгэлдэхийн зүүн урд баригдах тус эмнэлэг баригдахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Уг эмнэлэг 3 давхар ойр орчмын 20 мянган иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн судалгаа гарчээ. Эмнэлгийг 2023 онд бүрэн барьж дуусгах юм байна.
Энэ талаар Хан-Уул дүүргийн 15-р хорооны Засаг дарга П.Мөнх-Эрдэнэ “Манай хорооны Цэнгэлдэхийн урд хоёр орон сууц баригдах байсны нэг 12 давхар барилга яг энэ өрхийн эмнэлэг барих талбайд баригдах гэж байсныг зогсоосон. Үүний оронд тус газар дээр дүүргийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн жишиг ӨЭМТ-ийг барихаар төлөвлөөд байна. Учир нь манай хороо түрээсийн байранд өрхийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл ковидын үед өрхийн эмнэлэгт үзүүлэхээр иргэд ирлээ гэхэд хороолол дотроо халдвар алдчих гээд хүндрэлтэй байсан. Ер нь л хүн амтай ихтэй хорооллын хувьд өөрийн гэсэн өрхийн эмнэлэггүй байх их хүндрэлтэй байгаа талаар оршин суугчид их санал хүсэлт өгдөг. Энэхүү хүсэлтийг дүүргийн Засаг дарга хүлээж аваад жишиг өрхийн эмнэлэг барихаар дүүргээс төлөвлөөд эхлүүлээд байна” гэв.
Тэгэхээр Хан-Уул дүүргийн “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд тус хорооны өрхийн эмнэлгээс гадна гурван ч жишиг ӨЭМТ баригдахаар төлөвлөгджээ.
Д.СҮРЭН