“Fidelitas Partners” хуулийн фирмийн хуульч, судлаачид “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулах үе шатад хийсэн дүн шинжилгээ” сэдэвт судалгааг хийжээ. Энэхүү судалгааны талаар судалгааны багийн гишүүн, хуульч Б.Баялагмаатай ярилцлаа.
-Танай хуулийн фирмийн судлаачид Ковидын хуулийн талаар судалгааг хийхдээ юун дээр илүү анхаарсан бэ?
-Манай фирм нь 2020 оны 6 дугаар сараас эхлээд “Нээлттэй нийгэм форум”-ын санхүүжилт болон бусад төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр ковидын үеийн хүний эрхтэй холбоотой асуудлаар нийт гурван төсөл хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Ковидын хуулийн төслийг боловсруулах үе шатанд хийсэн энэ судалгаа юм. Судалгаагаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, урьдчилсан судалгаа, шинжилгээ хийлгүйгээр Ковидын хуулийн төслийг шууд боловсруулсны улмаас үүссэн үр дагавруудыг судалж, холбогдох дүгнэлтүүдийг гаргасан.
-Цар тахлын хуулийн судалгааны үр дүнгээс хуваалцахгүй юу?
Ковидын хууль буюу Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан. Хуулийн төсөл батлагдахаас өмнө 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тус нэмэлт, өөрчлөлтийн дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдалд шилжсэн үед эсхүл олон улсын хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд гарсан хууль, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахад судалгаа, шинжилгээг холбогдох аргачлалын дагуу хийхгүй байх үр дагаврыг үүсгэсэн. Цаг хугацааны хувьд 20 хоногийн дараа Ковидын хууль батлагдсан. Цар тахлын онцгой нөхцөл байдал зөвхөн Монгол улсад үүсээгүй тул бид судалгааны хүрээнд Их Британи, Канад, ХБНГУ-д цар тахалтай тэмцэх, түүний эсрэг авах арга хэмжээг зохицуулсан хуулийн төслийг боловсруулж, баталсан үе шатыг мөн судалсан. Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед үүсч буй харилцааг богино хугацаанд зохицуулах хуулийг баталж батлахдаа хуулийн төсөл боловсруулахад хийгддэг судалгаа, шинжилгээг орхигдуулаагүй байсан. Харин судалгаа, шинжилгээнд зарцуулах хугацааг богиносгосон арга хэмжээ авсан байна. Манай улсын хувьд хуулийн төсөл боловсруулах шатанд хийгдэх судалгаа, шинжилгээг хийлгүйгээр боловсруулагдаж, батлагдсан Ковидын хууль хэрэгжиж эхэлснээс хойш сөрөг үр дагавруудыг бий болгосон байна.
-Тэгэхээр Цар тахлын хууль хэрэгжиж эхэлснээр ямар сөрөг үр дүнг бий болгосон талаар танай судлаачдын гаргасан дүгнэлт их анхаарал татаж байна. Тухайлбал?
- Хуулийн төслиийг боловсруулах шатанд хэрэгцээ, шаардлагыг судлах болон хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлын тооцоог шинжлэн судалж, дүгнэлт гаргах ёстой. Гэтэл Ковидын хуулийг боловсруулахад эдгээр судалгаа, шинжилгээг алгасаж, боловсруулсан нь хуулийн чанарыг сайжруулах зорилготой баталсан Хууль тогтоомжийн тухай хуулиар тодорхойлсон судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх зарчмыг зөрчсөн. Мөн хуулийн төсөлтэй холбоотой олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, ирүүлсэн саналыг тусгах зэрэг олон нийтийн оролцоог хангах ажил зохион байгуулагдаагүй байна. Эдгээр нь хуулийг хэрэгжүүлэх явцад хүний эрхийн зөрчил үүсэх шалтгаан, нөхцөл болсон байна.
Үүнээс гадна, Ковидын хуулиар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт батлах эрхийг УОК, ЭМЯ зэрэг төрийн байгууллагуудад шилжүүлсэн боловч зарим журмууд нилээд хожуу батлагдсан. Мөн дээрх байгууллагуудаас нийтээр дагаж мөрдөх журам, зааврыг батлахдаа Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон журмыг баримтлах ёстой. Гэтэл ковидын үеэр УОК, ЭМЯ, БШУЯ зэрэг төрийн байгууллагуудаас журам, дүрмийг баталсан даруйдаа хэрэгжилтийг зохион байгуулсан байна. Тухайлбал, УОК-ын баталсан гадаадаас ирсэн шинж тэмдэггүй иргэнийг тусгаарлан ажиглах хугацаа тогтоосон 10 удаагийн шийдвэр, журмууд нь Хууль зүй, дотоод хэргийн яамд бүртгэгдэж, захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд хэвлэгдээгүй буюу хүчин төгөлдөр болоогүй боловч иргэдийг тусгаарлах ажиллагааг зохион байгуулсан байна.
- Ковидын хуулийг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн жил батлагдах ёстой байсан зарим журмууд хожуу батлагдсан гэж хэлсэн хэсгээ тодруулахгүй юу?
Ковидын хуулиар цар тахлын үеийн бүх харилцааг нарийвчлан зохицуулах боломжгүй тул хуулийг хэрэгжүүлэх зорилгоор нарийвчлан зохицуулах дүрэм, журам батлах эрхийг төрийн байгууллагад шилжүүлсэн байна. Гэтэл зарим тохиолдолд дүрэм, журмууд батлагдаагүй байх бөгөөд эсхүл зохицуулах дүрэм, журмыг хугацаа хожимдуулан баталж байх жишээтэй.Тухайлбал, Ковидын үед Засгийн газар, төрийн бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй цар тахлын хүрээг тогтоохтой холбоотой тоон мэдээ, мэдээллийг шуурхай солилцох журмыг Цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батлах талаар зохицуулсан. Гэтэл тус журам 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр буюу хуульд нэмэлт орсноос хойш 5 сарын дараа батлагдсан байна.
-Гэхдээ Ковидын хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй УИХ-аас байгуулагдсан Түр хороо ажиллаж байгаа биз дээ?
- УИХ-аас 2020 оны 5 дугаар сард Түр хороог байгуулсан бөгөөд хорооны бүрэлдэхүүнийг 2020 оны 10 дугаар сард дахин шинэчилсэн байна. Түр нь хороо нь Ковидын хуулийн биелэлтэд хяналт тавих хүрээнд хоёр чиг үүргийг хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэх, Хоёрдугаарт, бусад байнгын хороогоор энэ хуулийн биелэлтийг хэлэлцүүлэх санал гаргах үүрэгтэй. Судалгааг хийж гүйцэтгэх явцад Ковидын хуулийг үндэслэж төрийн байгууллагаас гарсан шийдвэрүүд болон хуулийг хэрэгжүүлэх хүрээнд авч буй арга хэмжээ нь хүний эрхийн зөрчсөнтэй холбоотой олон удаагийн тохиолдлууд гарч байсан байна. Эдгээр асуудлуудтай холбоотойгоор Ковидын хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй Түр хорооноос хуулийг хэрэгжүүлэх хүрээнд үүссэн асуудлыг сар тутам хэлэлцэж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах санал гаргах зэрэг хуулийн биелэлтийг хангуулах арга хэмжээг аваагүй байна.
-Цар тахлын хуулийг дахиад зургаан сараар сунгах саналыг Засгийн газраас дэмжсэн. Анх хуулинд нэг л удаа сунгах боломжтой гэж заасан хэдий ч өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн сунгаж байгаа нь цаанаа том ашиг сонирхол яваад байна уу?
- Судлаачийн хувьд хуулийг сунгаж байгаа эсэхэд аль нэг бүлгийн ашиг сонирхол байна, байхгүй гэдэг талаас нь тайлбарлах зохимжгүй. Харин Ковидын хуулийг цар тахлын үед үүсч буй харилцааг зохицуулах зорилгоор байнга үйлчлэх бус түр хугацаанд дагаж мөрдөхөөр баталсан бөгөөд хуулийн үзэл баримтлалыг эргэж харах хэрэгтэй. Хуулийг нэг удаа зургаан сараар сунгах нөхцөлийг тодорхой тусгасан. Гэвч 2020 оны 12 дугаар сард 31-ний өдөр дээрх зохицуулалтыг хүчингүй болгож, өнөөдрийн байдлаар хуулийн үйлчлэх хугацааг 2 удаа сунгасан байна. Үүнээс гадна, Ковидын хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 4 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр давхардсан тоогоор 95 зүйл, хэсэг заалтад өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүдийг харвал анхнаасаа хуулийн төслийг боловсруулахад судалж, зохицуулах шаардлагатай байсан нөхцөлүүд орхигдсон байсантай салшгүй холбоотой байна.
Д.Даваасүрэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13