Сингапурын иргэн монгол охидыг Турк, Сингапур улс руу гаргасан байж болзошгүй гэв

Admin | 2022-09-29


  Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний 13 хоногийн байдлаар 653 гэмт хэргийг илрүүлжээ.

Илрүүлсэн гэмт хэргээс үзвэл хүнийг санаатай алах 9, хулгайлах 154, мал хулгайлах 21, дээрэмдэх 17, хүчиндэх 9,  залилах 158, бусад 92 хэргийг илрүүлсэн байна. Тухайлбал Завхан аймагт иргэн Д толгойн тус газраа буудуулсан байсан хэргийг олж илрүүлжээ.

Түүнчлэн хамгийн ноцтой нь Сингапур улсын иргэн 64 настай иргэн Монгол Улсын охид эмэгтэйчүүдийг хүчирхийлж, улмаар хил дамнуулан гаргасан байж болзошгүй хэрэг илэрчээ. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Х.Бямбабаяр “Сингапур улсын 64 настай иргэн Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж байгаа дүрс бичлэгээ нууцаар хийж улмаар бичлэгээрээ заналхийлсэн. Гадаад улсад биеийг нь үнэлүүлэх зорилгоор худал амлалт өгч, охид бүсгүйчүүдийг гадаадад гаргасан байж болзошгүй талаарх мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн Кбиер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Зохион байгуулалттай тэмцэх хэлтэс алба хаагчид баривчлах үйл ажиллагаа явууллаа. Сэжигтэй этгээдийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас өчигдөр /2022.09.29/ дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ. Хэргийн газраас гар утас, зөөврийн компьютер, IPad, зөөврийн хатуу диск, мемори карт, флаш диск зэргийг тус тус хураан авсан. Сэжигтэй этгээд болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Монгол Улсын иргэд нэг сарын хугацаанд визгүй зорчдог Турк, Сингапур зэрэг улс руу охидыг гаргасан байж болзошгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир хэдэн монгол охиныг хилээр гаргасан тоог хэлэх боломжгүй. Хохирогчид 1993-1984 оны иргэд байсан” гэлээ.

Тэгвэл мөрдөн байцаалтын явцад Loh Sien Chi-ны гар утаснаас 300 орчим охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг бүхий мэдээлэл олдсон бөгөөд 10 орчим эмэгтэйг хил давуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Loh Sien Chi нь 64 настай, сингапур иргэн. Манай улсад 2013 оноос эхэлж аялал жуулчлалын визээр зорчиж эхэлсэн байна. Тэрээр цахим сүлжээний олон платформд хаягтай. Facebook, Instagram, Youtube, Linkedin зэрэгт бүртгэлтэй. Эдгээр хаягаараа охидтой холбоо тогтоодог байсан аж. Түүнээс гадна Loh Sien Chi өөрийгөө “Өэлүн” хүүхдийн санг үүсгэн байгуулагч гэж өөрийгөө бүртгүүлжээ. Гэвч тус байгууллагын мэдээлэл манай улсын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)