
УИХ-ын намрын чуулган эхэлсэнээр ирэх оны улсын төсвийг батлахаар хэлэлцэж эхэлсэн. Тэгвэл ирэх оны хамгийн их төсөвтэй аймгаар Хөвсгөл аймаг 22 тэрбумын төсөвтэйгээр тэргүүлж байна. Удаах байранд Хэнтий аймаг жагсжээ. Аймгаас сонгогдсон гишүүн, эсвэл тэр, энэ нутгийн гишүүн өндөр алба хашаад эхлэхээр тухайн аймгийн төсөв нь өсдөг гэдэг бичигдээгүй хууль үйлчилсээр олон намрыг үдэж. Энэ жишгээр Хэнтий аймаг ирэх онд 21.5 тэрбум төгрөгийн төсвийг авах нь. Хамгийн бага буюу 2.2 тэрбум төгрөгийн төсвийг хамгийн залуу аймаг Говьсүмбэрт хувиарлажээ.
Аймгуудын төсвийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар маргаад амжив. Ж.Бат-Эрдэнэ гишүүний хувьд төсвийн харьцангуй хувиарлалтанд бухимдаж, үзэмжээр төсөв баталлаа гэж Сангийн сайдаас тодруулга шаардсан бол, Сангийн сайд хариуд нь “Хуулийнхаа хүрээнд томъёоллыг оруулж ирсэн. Хуулийг өөрчлөх бүрэн эрх нь танд байгаа. Чи өөрөө өөрчил” гэж хоорондоо маргаад амжив.
Хэрэв ирэх оны улсын төсвийг төлөвлөсөн чигт нь батлавал “ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ” гэдэгчилэн хөшөө суврага босгочихгүй, хөгжлийн төсөв хөтөлбөрүүдэд төсвөө захиран зарцуулах байх гэдэг итгэл найдварыг аймгийн Засаг дарга нарт дайя.