
Манай улсад 1992 оноос хойш ХДХВ/ДОХ-ын халдварын нийт 341 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 63 тохиолдол нь он гарсанаас хойш бүртгэгджээ. Анх л жилдээ нэг, хоёроор тоологддог байсан халдвар тээгчдийн тоо 2000 оны дундаас эрс нэмэгдсэн судалгааг ХӨСҮТ-ийн мэдээнээс харж болно. Халдварын тоо нэмэгдэж байгааг эмч, мэргэжилтнүүд тайлбарлахдаа ДОХ-ын шинжилгээнд сайн дураар хамрагдах хүний тоо нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.
Халдвар тээгчдийг насны бүлгээр авч үзэл 20-45 насны иргэд. Эндээс харахад ид хийж бүтээх насны залуучууд дийлэнх хувийг эзэлж байна. Өсвөр насны хүүхэд ч халдвар тээгч болж байгаа нь аюулын харанга дэлдэнэ. Нөгөөтэйгүүр шилжилт хөдөлгөөн, хилийн чанадыг зорих, ирэх урсгал нэмэгдсэн энэ үед ХДХВ/ДОХ-ын халдвар тархах эрсдэл нэмэгдсээр. Манай улсад амьдарч байсан гадаадын 11 иргэнээс ХДХВ-ын халдвар илэрсэн гэх тоо ч бий. Дээр нь урд, хойд хөршид ХДХВ/ДОХ-ын халдвар гэрлийн хурдаар гэж болох хэмжээнд тархаж байна. Энэ бүхэн халдварын тархалт бага ч эрсдэл өндөр орны тоонд Монгол Улсыг оруулахад хангалттай үзүүлэлт.
Мөн ОХУ-ын иргэд манай улсад олноор ирэх болсонтой холбоотойгоор тус улсын иргэнээс ДОХ-ын халдвар авсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл дээрх мэдээлэл худал болохыг ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-аас мэдээлж байна.
Монгол Улс болон дэлхийн нийт 2025 он гэхэд ХДХВ/ДОХ-ын тархалтыг зогсоох зорилт тавьсан. Үүний тулд хүн бүрийн үүрэг оролцоо, хөрөнгө санхүүгийн дэмжлэг чухал. Манай улсын хувьд ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчдийн эмчилгээ, үйлчилгээ 100 хувь үнэ төлбөргүй. Гэхдээ ХДХВ/ДОХ-ын чиглэлээр зарцуулж байгаа нийт хөрөнгийн 25 хувийг төр, үлдсэн 75 хувийг олон улсын донор байгууллагууд санхүүжүүлдэг гэнэ. Үүнээс үзэхэд гадны хөрөнгө оруулалт зогсвол хаанаас хэнээс бид тусламж хүсэх вэ? НҮБ-ын төрөлжсөн салбар байгууллагууд дэмжлэгээ үргэлжлүүлэх л байх. Гэвч дан ганц гадны байгууллагуудад найдвар тавилгүй өөрсдөө бие даан шийдэх гарц гаргалгаа, шийдлийг олохгүй бол цөөн хүн амтай манай улсын хувьд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлхүйц байдал үүсч мэдэх л юм.
Д.ЦЭГЦ