
Олонд төдийлөн танигдаагүй спортын төрөл болох Мас-рестлинг буюу модон барилдааны спорт манай улсад үүсэж хөгжөөд багагүй хугацаа өнгөрчээ. Тус спортын тамирчид Ази болон дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсээр ирсэн. Тэгвэл Мас-Рестлингийн өсвөр үе, насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээнийг "Монголын Модон барилдааны холбоо"-ноос зохион байгуулж байна. Өнөөдөр Баянгол дүүргийн Биеийн тамир спортын газарт 09:00-16:00 цагийн хооронд болох тэмцээний үеэр улсын хэмжээнд мөрдөгддөг дүрмийг баримтлах юм байна.
- Өсвөр үе хөвгүүд: 2006-2010 онд төрсөн байх, 50, 60 , 70, +70кг
- Насанд хүрэгч эрэгтэй: 60, 70, 80, 90, 105 болон +105кг
- Насанд хүрэгч эмэгтэй: 55, 65, 75, +75кг жингийн хооронд болох юм.
Энэхүү халз тулааны спортын орчин үеийн нэршлийг Сахагаас төрсөн чөлөөт бөхийн анхны олимпын аварга Роман Дмитриев санал болгосон бөгөөд энэ нь Якут хэлнээс "Мас- мод", англи хэлнээс "Рестлинг /wrestling/ - тэмцэл" гэсэн утгатай үгний нийлбэр юм.