
Хүннү гүрний үеэс XX зууны эхэн үеийг хүртэлх Монголын хаад язгууртнууд, нүүдэлчин монголчуудын түүхийг харуулсан Их Эзэн Чингис хааны музейн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.
Музейд:
- Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
- Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
- Их Монгол Улс;
- Монголын Их эзэнт улс;
- Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
- Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
- Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан байна.
Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр бөгөөд үлдэх хувь нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм. Бүтээн байгуулалтын хувьд олон улсын стандартад бүрэн нийцсэнээрээ “Чингис хаан” музей Монголын музейн салбарт жишиг болж байна. Энд орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан анимейшн, интерактив, QR, VR нэвтрүүлсэн. Дурсгал бүр QR кодтой байх бөгөөд үзэгчид гар утсаараа тус кодыг уншуулан монгол, англи, орос хэлээр нэмэлт тайлбар авах боломжтой ажээ. Мөн үзэгчдэд зориулсан боловсролын танхим, хурлын их, бага танхим, кино театр, бэлэг дурсгалын дэлгүүр, кофе шоп зэрэг ажиллах юм.
“Чингис хаан” музей 2022 оны аравдугаар сарын 13-наас олон нийтэд үйлчилж эхэлнэ.