Эрдэнэт үйлдвэр жил бүр нөөцгүй техник тоног төхөөрөмждөө зуны дулаан цагт иж бүрэн засвар үйлчилгээ хийж, бүтэн жилийн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор “Их зогсолт” хийдэг. Энэ жилийн “Их зогсолт”-ыг энэ сарын 22-оос 24-ний хооронд 48 цагийн хугацаанд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар, бэлтгэл ажил өндөр түвшинд хангагдаж буйг “Их зогсолт”-ын бэлтгэл хангах ажлын хэсгийн штаб өнөөдрийн сүүлийн хуралдаанаараа дүгнэлээ. Штабын сүүлийн хуралдаанд холбогдох цех нэгжүүд мэдээлэл хийж, ажиллах хүч болон шаардлагатай сэлбэг тоног төхөөрөмжийн хангалт хүндрэлгүй байгааг онцлов. Ойрын хугацаанд зарим нэр төрлийн сэлбэг материал нийлүүлэгдсэнээр хангамжтай холбоотой ажил дуусах юм байна. Өөрөөр хэлбэл, бэлтгэл ажилд үйлдвэрийн Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэс санаачилгатай, шуурхай ажиллаж, “Их зогсолт”-ыг ямар нэг хүндрэл бэрхшээлгүй хийх боломжийг бүрдүүлсэн байна.