Эрдэнэт медикал эмнэлэг эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон Магадлан итгэмжлэлийн батламжаа өнөөдөр хүлээн авлаа. Мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах энэхүү тусгай зөвшөөрөл болон Магадлан итгэмжлэлийн батламжийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гардуулав. Тэрээр энэ оныг “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-ний жил болгон зарласан талаар мэдээлж, эмч ажилчдадаа, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэгээн үйлст нь амжилт хүслээ. Уг ёслолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг , Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх болон албаны бусад хүмүүс оролцлоо.
“Эрдэнэт медикал” эмнэлгийн үйл ажиллагааг зүгшрүүлж, амжилттай ажиллуулж ирсэн хамт олны санал санаачилгыг Засгийн газраас дэмжин судлаад төрд, үйлдвэрийн харьяанд шилжүүлэх шийдвэр гаргасан. Эрдэнэт медикал эмнэлгийнхэн үйлдвэрийн 7000 ажилтан, ахмадууд, МШӨ-ний улмаас групп тогтоолгосон 10 мянган ажилтан, тэдгээрийн гэр бүл нийт 20 мянган иргэн, мөн бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлнэ. Монгол улсдаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үйлчилгээний соёлоор жишиг загвар болохуйц эмнэлэг байх ёстой. Иймээс эрүүл мэндийн үйлчилгээг улсын хэмжээнд хүргэх том хариуцлага бид бүхнийг хүлээж байна. Бид үүрэг хариуцлагаа ухамсарлан сайн ажиллах болно” хэмээн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлов.