УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.
-УИХ-аар төсөв хэлэлцэж байна. Засгийн газраас оруулж ирсэн ирэх оны төсвийг та бүтэн зургаар нь яаж харж байна вэ?
-Юуны өмнө орж ирж байгаа төсөвт давуу тал байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтаа зогсоосон байна. Энэ бол сайн зүйл. Валютын нөөц бүрдүүлэх чиглэлд экспортоо нэмэгдүүлж, анхаарсан байна. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь чиглүүлж, ялгавартай хандъя гэж. Сүүлд нь төсвийн алдагдлаа багасгасан байна. Ийм гурав, дөрвөн давуу тал энэ жилийн орж ирсэн төсвөөс ажиглагдаж байгаа юм. Мэдээж сул тал буюу шүүмжлэлтэй хандах зүйл байна. Нэгдүгээрт, мөнгөнийхөө бодлоготой уялдаагүй төсөв орж ирж. 2023 оны тухайд бидэнд хамгийн чухал зүйл нь макро эдийн засгийн асуудал байгаа. Хамгийн түрүүнд валютынхаа нөөцийг яаж нэмэгдүүлэх вэ, инфляцийнхаа түвшинг ямар оронтой тоо руу оруулах уу гэдэг асуудал чухал. Төсвийг дагаад мөнгөний бодлого орж ирсэн. Мөнгөний бодлогоор инфляцийг зургаан хувьд барина гэж орж ирлээ. Өнөөдрийн байдлаар инфляци жаахан буураад 13, 12 орчим хувьтай байна. Үүнийг ирэх онд хоёр дахин бууруулж зургаан хувьтай болгоно гээд ороод ирлээ. Яахав, зургаан хувьд хүргэх зорилго нь сайн байна. Гэвч нөгөө талдаа инфляцийг зургаан хувьд барихын тулд ямар арга хэмжээ авах гэж байна вэ гэдэг нь чухал. Гэтэл төсөв, мөнгөний бодлого нь хоорондоо зөрчилдөж буй зүйл харагдаад байгаа юм. Тодруулбал, инфляциа багасгана гэсэн атлаа зарлага нэмэгдүүлчихсэн байна. Ирэх жилийн төсөв 2.5 их наядын урсгал зардал хийгдсэн байна лээ. Тиймээс миний хувьд ганц л тодорхой санал хэлж байгаа юм.
-Ямар санал гэж...
-Нэгдүгээрт, ирэх оны төсвөө алдагдалгүй батлахад анхаарах ёстой. Төсвийн алдагдал гэдэг бол өр. Өөрөөр хэлбэл, өрөө л нэмж байна гэсэн үг. Өнөөдөр инфляцитай холбоотойгоор дэлхий дахинд зээлийн хүү өндөр болсон. Тэр утгаараа бид ийм өндөр хүүтэй зээл авч төсвийн алдагдлаа нөхмөөргүй байна. Тиймээс төсвийн алдагдлыг болж өгвөл бүр багасгах саналтай байгаа юм. Үүнийг одоо төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ олон талаас нь ярих болов уу гэж бодож байна. Өнгөрсөн жилийн төсвийн алдагдлыг хоёр их наядад барьж байсан. Харин одоо орж ирж байгаа төсвийн алдагдлыг харахад 1.5 их наяд байна. Өмнөх төсвийн алдагдлаасаа багасгасан нь сайн. Гэхдээ л энэ хямралтай үед бүр багасгах ямар боломж байна гэдгийг анхаарах ёстой.
-Хөрөнгө оруулалт зогссон нь сайн гэлээ. Зогсоосон нь зөв юм уу?
-Зогсоосон нь зөв гэж үзэж байгаа. Бид импортыг дэмждэг бодлогоо аль болох багасгах ёстой. Валютын урсгалыг гадагш нь яаж бага гаргах вэ гэдэг бол бидний өмнө тулгамдаж байгаа том асуудал. Валютын урсгалаа анхаарч, экспортоо нэмэгдүүлснээр валютын урсгалыг дотогшоо оруулж, дотроо эргэлдүүлэх боломжтой. Хэрвээ ингэж чадвал инфляци буурах бодит боломж бий болно. Энэ утгаараа 2023 оны төсөв валютын урсгалыг эрс багасгаж, мөнгөний хатуу бодлого явуулах, үүнтэйгээ хамт хөрөнгө оруулалтаа зогсоогоод аль болох импортыг багасгах чиглэл рүү илүү тусгагдсан юм болов уу гэж харж байгаа.
-Валютын урсгал гадагшилж байгаа томоохон үзэгдэл юу байна вэ?
-Хэд хэдэн томоохон үзэгдэл байна. Үүнээс бид хоёр том урсгалд нь анхаарлаа хандуулж байгаа юм. Тухайлбал, тэрхүү хоёр том урсгалын төлбөрийг өөр валютаар хийх чиглэлд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй байна. Хоёр том урсгал гэдэг бол нэгдүгээрт, нефтийн бүтээгдэхүүн, хоёрдугаарт урд хөршөөс импортоор авч буй бараа, материалын хэрэглээ юм. Тиймээс ОХУ-аас авч буюу нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг рублиэр төлөх, Хятад улсаас авч буй бараа, материалаа зуун хувь юаниар авах ажлыг хийх хэрэгтэй. Энэ хоёр валютын урсгалыг ам.доллараар бус рубель, юаниар нь хийж чадвал импортоор гарч байгаа валютын урсгалаа багасгах том боломж гэж харж байгаа. Товчхондоо валютын гадагшилж байгаа урсгалыг багасган, экспортоо эрс нэмэгдүүлж, зарлагаа танаж чадвал бид 2023 онд инфляцийг нэг оронтой тоон хүргэж чадна.
-Экспортондоо анхаарах шаардлагатай гэж байна. Валютын нөөцийг бүрдүүлж буй гол экспортын бүтээгдэхүүн бол нүүрс байгаа шүү дээ. Нүүрсээ яаж их хэмжээгээр гаргах вэ гэдэгтээ хэт их анхаарснаас болж бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж гаргах асуудлаа орхигдуулаад байна уу гэж хараад байгаа. Боловсруулах үйлдвэрийн талаар ярихгүй юм уу, бүтээгдэхүүнээ боловсруулж гаргавал эдийн засаг хэд дахин өснө гээд байгаа шүү дээ?
-Экспортын тухайд бол зэс, төмрийн хүдэр, алт гурав хуучин түвшиндээ байгаа. Экспортод хязгаарлалтад орж байгаа ганц бүтээгдэхүүн нь нүүрс. Ирэх онд нүүрсэн дээр гурван төрлийн арга хэмжээ авснаар төлөвлөсөн нүүрсээ гаргачих болов уу гэж харж байгаа. Нэгдүгээрт, хил гааль, боомтын хязгаарлалтыг аль болох алга болгох чиглэлд анхаарна. Хоёрдугаарт, урьдчилсан гэрээгээр өгсөн нүүрсийг тодорхой хэмжээнд хориглож, одоо валютаар худалдаалж буй нүүрсээ гаргах чиглэлд Засгийн газрын тодорхой шийдвэр гаргачихсан байна лээ. Гуравдугаарт, цаашдаа бид уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсэн дээр биржийн үнийг гаргаж, худалдаанд оруулахгүй бол болохгүй. Эдгээр гурван зүйлийг ирэх онд авч хэрэгжүүлнэ гэж Засгийн газар төлөвлөсөн байна лээ. Ингэж байж бид төлөвлөсөн нүүрсээ оруулж, экспортоо нэмэгдүүлж чадна. Өнөө маргаашдаа хамгийн чухал хийх ёстой ажил бол экспортоо нэмэгдүүлэх л байна. Сүүлийн гурван жил дараалж экспорт хязгаарлалтад орлоо. Үүнээс болоод валютын нөөц багасах, хомсдолд орох, ханшийн хөөрөгдөл, төгрөгийн уналтад нөлөөлөх гол хүчин зүйл болоод байгаа юм.
-Жил жилийн төсөв хэлэлцүүлэх үеэр УИХ дээр маргаан өрнөдөг. Ирэх жилийн төсөв дээр тойргуудад мөнгө хуваарилахдаа алагчилсан байдлаар тусгасанд гишүүд бухимдалтай байх шиг байна. Бүлгийн даргын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Хэмжээний хувьд их, бага харагдаад байгаа нь ийм учиртай. Анх тавьсан хөрөнгө нь их учраас одоо их, бага харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2023 онд бид шинэ хөрөнгө оруулалт тавихгүй, хуучин явж байсан үлдэгдэл санхүүжилтийг тавьж өгсөн гэсэн үг. Тиймээс өмнө өндөр тавигдчихсан тойргууд нь өндрөөрөө, бага тавигдсан нь бага болж харагдаад байгаа хэрэг л дээ. Үүнээс болоод аймгуудад тавьсан төсөв ялгавартай байгаа мэт харагдаад байгаа юм.
-Хэмнэлтийн хуулийн хүрээнд ирэх оны төсвөөс хэчнээн хэмжээний хөрөнгийг хэмнэсэн байна вэ. Хэмнэсэн төсөв биш, мөн гэх зэргээр нийгэмд талцал, хардалт их яригдаж байна шүү дээ?
-Хэмнэлтийн хуулиа дагаж ажилласан гэж харж байгаа, Засгийн газрын түвшиндээ. Харин дунд, доод шатандаа ямар байгааг хэлж мэдэхгүй юм. Зарим газраа энэ хууль янз бүр л хэрэгжиж байх шиг байна. Ер нь хэмнэх ёстой. Би түрүүн хэлсэн. Төсвийн алдагдалгүй болгоё гэж яриад байгаа. Төсвийн алдагдалгүй болгохын тулд бид зарлагаа хасах ёстой. Төсвийн алдагдалгүй болгох, үүнээс өөр арга байхгүй. Энэ бол том зорилт.
-Ам.доллар яаж олох ёстой юм бэ. Өнөө маргаашдаа олох боломж нь юу байна. Таны түрүүн хэлсэн ОХУ-аас авч байгаа шатахуунаа, БНХАУ-аас авч байгаа бараагаа ам.доллараар авахгүй байснаар валютын нөөцийг тогтвортой болгож чадна гэж үзээд байна уу?
-Валютын хоёр л урсгал байгаа шүү дээ. Орж байгаа, гарч байгаа усргал гэж. Валютынхаа нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд авдаг ганц арга хэмжээ нь экспорт. Ингэхийн тулд бид экспортыг ямар өндөр хэмжээнд хүргэж чадахаар байна тэр хэмжээнд л тулгах ёстой. Экспортын гол бүтээгдэхүүн нь алт, зэс, төмрийн хүдэр, нүүрс байгаа. Үүн дээр нэмээд ноос, ноолуур, махаа ч гэсэн хүссэн хэмжээгээрээ экспортолдог болмоор байгаа юм. Үр тариаг ч гэсэн болж өгвөл гаргаж л байх ёстой. Ингэж байж бид ам.доллар олно. Ер нь ам.доллар олж болох бүхий л нүх сүвийг нээх шаардлагатай. Нөгөөтэйгүүр, валютын гадагшилж байгаа урсгал дээрээ анхаарал тавьж бодлогоор зөв зохицуулах шаардлага бий болсон. Валют манайхаас гарч байгаа хамгийн том урсгал бол нефть. Жилд 1.6 орчим тэрбум ам.долларын урсгал гарч байна. Тиймээс үүнийг өөр валютаар явуулах боломж юу байна гэдгийг судлах, улмаар ажил хэрэг болгох шаардлагатай. Сүүлийн үед инфляци өссөнтэй холбоотойгоор ам.доллараас бусад валютын ханш сулраад ирлээ. Тиймээс аль ч орон ямар бизнесүүд ам.доллараар явах гээд байдаг үзэгдэл тод харагдаад байгаа юм. Үүнийг бид аль болох багасгаж, ам.доллараас өөр валютаар худалдаа хийх боломжийг олох ёстой.
-Шатахуунтай холбоотойгоор нэг зүйл асууя. Засгийн газраас АИ-92 бензиний үнийг он дуустал барина гэж байгаа. Оны дараа үнэ чөлөөлөгдсөнөөр дээрх төрлийн бензиний хомсдол, үнийн хөөрөгдөл болох эрсдэл гарах юм биш үү?
-Миний хувьд тэр чиглэлийн бодлогыг харж амжаагүй байна. Ажлын хэсэг гарчихсан, үүнийг судалж байгаа. Ямартаа ч мөнгөний бодлого, төсвийн бодлоготойгоо уялдуулж авч үзэх байх. Миний бодлоор ирэх онд Засгийн газар шатахууны үнэ дээр тодорхой оролцоог бий болгож байгаа болов уу л гэж харж байгаа. Шатахуун, бензин гэдэг бол бүх юмны суурь. Тиймээс төрийн бодлогоор тодорхой хэмжээнд барьж байхгүй л бол болохгүй.
-Шатахуунаа бид зөвхөн ОХУ-аас биш өөр орноос импортолж болохгүй юу. Тийм болж байгаа юу. Өмнө Солонгос, Хятадаас оруулж ирж байсан шүү дээ?
-Өөр орноос авъя гээд бидний хэрэглээг хангах ямар ч боломжгүй юм билээ. ОХУ дангаараа дэлхийн шатахууны хэрэглээний 30 хувийг хангадаг байсан. Одоо нөхцөл байдлаас шалтгаалж энэ хэрэглээ зогссон. Угаасаа шатахууны эрэлт их байгаа үед энэ 30 хувь зогсоно гэдэг нь өөрөө дэлхий дахинд шатахууны хомсдолыг бий болгочихож байгаа хэрэг. Тиймээс эрэлт их байгаа учраас зах зээлийнхээ зарчмаар нефтийн үнэ өсөх нь гарцаагүй. Тиймээс хамгийн хямд түлш, бензин одоохондоо ОХУ-д л байна. Энэ утгаараа бид ОХУ-аас өөр орноос авах ямар ч боломжгүй юм. Үүнээс хямд, бидний хэрэгцээг хангах хэмжээний шатахуун импортоор авах боломжтой улс байвал сайн л байна. Харин бид ОХУ-тай энэ асуудлаар олон талын уулзалт, яриа хөөрөө хийсний хүчинд өнөөдөр тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлээд л явж байгаа.
-Төсвийн хуультай холбоотойгоор ажлын хэсэг гарч байгааг бүлэг дээрээ хэлэлцсэн. Уг ажлын хэсгийн үүрэг нь юу юм бэ. Ипотекийн зээлийн асуудлыг мөн авч үзнэ гэж байсан шүү дээ?
-Энэ ажлын хэсэг дөрвөөс таван чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллана. Нэгдүгээрт, төсвийн орлогод анхаарна. Тавьсан орлогоо үнэхээр олж чадах уу гэдэгт нь. Хоёрт, зарлагад анхаарна. Өнгөрсөн оноос хойш төсвийн зарлага хоёр их наядаар нэмэгдсэн. Энэ нь үнэхээр бодитой байна уу, үгүй юү гэдгийг авч хэлэлцэнэ. Гуравт, хөрөнгө оруулалт, дөрөвт хүүхдийн мөнгөний асуудалд анхаарч, ажиллахаар болсон. Уг ажлын хэсгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахалж ажиллана. Ипотекийн зээлийн асуудал мөн энэ ажлын хэсгийн хүрээнд яригдана. Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр ипотекийн зээлийг Монголбанк өмнө хэрэгжүүлж байсан. Харин энэ оноос үүнийг Засгийн газарт өгч байгаа. Тиймээс зээлийг хойшлуулах уу үгүй юү гэдгийг дээрх ажлын хэсэг судалж, тодорхой шийдвэр гаргах болов уу.
-Төсөв дээр татварын асуудал ямар байдлаар орж ирж байгаа вэ?
-Зарим татвар дээр хөнгөлөлт үзүүлж байгаа юм билээ. Үүнд экспортын татварыг хөнгөлсөн байгаа. Энэ мэт олон асуудлыг УИХ-аас ажлын хэсэг гаргаж нэг бүрчлэн судалж, шинжилнэ. Тиймээс ажлын хэсгүүдийн дүгнэлт гарсны дараа татвартай, ипотекийн зээлтэй холбоотой асуудлууд илүү тодорхой болох болов уу.
-Төсвийн хуулийг дагалдуулж Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Үүнтэй холбоотойгоор тэтгэвэртээ гарч байгаа алба хаагчдын дахин ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэсэн мэдээлэл байна. Энэ асуудлыг бүлэг хэлэлцсэн үү, ямар байр суурьтай байгаа вэ?
-Төрийн албаны тухай хуульд хоёр л өөрчлөлт байна лээ. Нэгт, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгаад өгчихсөн. Ерөнхийдөө 100 хувь хүртэл нэмэгдэл цалин өгч болно гэж заасан юм билээ. Тэрийг нь Төрийн албаны тухай хуульд оруулж өгч байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, 20-иос бусад хувийг нь орон нутгийн төсвөөс гаргаж нэмэгдлийг нь олгож болно гэсэн хуулийн өөрчлөлт орох юм билээ. Хоёрдугаарт, тэтгэвэртээ гарсан төрийн албан хаагч үргэлжлүүлээд ажлаа хийж байгаа зүйл байна. Үүнийг ажлаас нь чөлөөлөх тухай заалт орж ирж байгаа. Ердөө ийм л хоёр өөрчлөлт нэмэгдэж байгаа юм билээ.
-Сүүлд нэг зүйл асуухад ХНХ-ын сайдын суудал хоосон байгаа. Дараагийн сайдыг томилох, сонгох асуудлыг бүлэг дээрээ ярьсан уу. Хэзээ томилогдох вэ. Та сайд болох уу?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд огцорсон. Дараагийн сайд хэн болох асуудлыг Төсвийн хуулийг хэлэлцсэний дараа ярилцахаар болсон. Мэдээж манай намын Удирдах зөвлөл хэлэлцээд сайдынхаа нэрийг оруулж ирнэ. Миний хувьд сайд болох ямар ч сонирхол байхгүй. Саяхан Засгийн газрын тэргүүн надаас сайд болох уу, Засгийн газарт орж ажиллах уу гэж асуусан. Би орж ажиллахгүй ээ гэдгээ хэлсэн. Одоо ч энэ байр суурь дээрээ байгаа.
-Та бүлгийн дарга хүн. Танай нам дотор сайд болох сонирхолтой олон хүн байх шиг байна. Үүнээс болоод бүлэг дотор маргаан гарах асуудал үүсч болзошгүй шүү дээ. Ер нь сайд болох шалгуураа танай нам яаж тогтоосон байдаг юм бэ. Өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнийг харж байхад тухайн чиглэлийн Байнгын хорооны дарга салбараа хариуцаад сайд болж байсан шүү дээ. Одоо ч гэсэн энэ зарчмаараа асуудалд хандах уу?
-Манай нам боловсон хүчиндээ тодорхой хэмжээний шаардлага, шалгуур тавья л гэж байгаа. Өөрөөр хэлбэл, сайд болох хүн нь УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон байх ёстой. Тухайн салбар, чиглэлийн Байнгын хороонд ажилласан байх, Байнгын хороог даргалж байсан гэх зэрэг олон шалгуурыг тавьж байгаа. Мөн нам жендерийн асуудлаа ч харгалзан үзэж, барьж яваа. Энэ олон шалгуур, шаардлагыг харгалзан үзээд намын Удирдах зөвлөл нэрсээ оруулж ирнэ байх. Товчхондоо сайдад томилох хүнийг Байнгын хороог даргалж байсан, УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, хажуугаар нь жендерийн асуудлаа харгалзан үзэх зарчимаар тодруулах байх гэж харж байгаа. Улмаар төсөв хэлэлцсэний дараа буюу ирэх сарын эхээр сайдыг томилох асуудал яригдаж эхэлнэ.
Эх сурвалж: Өдрийн сонин
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 1 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14