Манлайллын хөтөлбөрт оролцогчид хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүйд суралцав

Admin | 2022-05-09


 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас ажилтнуудынхаа ур чадвар, хөгжлийг дэмжсэн цогц хөтөлбөрийг энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулж эхэлсэн. Хүний хөгжлийн дөрвөн хөтөлбөрийн нэг “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн оролцогч анхан, дунд шатны удирдах ажилтан болон мэргэжилтнүүдээс бүрдсэн 100 ажилтан энэ сарын 06-ны өдөр “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборт нэгдсэн сургалт, уулзалт, спорт өдөрлөгт оролцлоо.

     Өнгөрсөн 4 дүгээр сарын 14-нд нээлтээ хийсэн тус хөтөлбөрийн 100 оролцогч тус бүр арван хүний бүрэлдэхүүнтэй багт хуваагдан, зохион байгуулагдсан байна. Important project, Галт шувуу, Synergy, Түлхүүр, Аравт, Lead 4 EMC, Influencer, Альфа, Top disc, Тугч багууд энэ хугацаанд өөр өөрийн онцлогт тохирсон нэр, таних тэмдэг, бэлгэдэл, уриатай болж амжжээ. Хөгжлийн төлөө нэг зорилгын дор нэгдсэн залуус сургалт, үйл ажиллагаанд багийн зохион байгуулалт, нэгдмэл байдлаараа үлгэрлэн оролцож, бие биедээ урам өгч байлаа.

     Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Т.Атарбаяр, гишүүн Д.Дашдорж, Б.Гөлгөө нар 2022-2024 онд гурван жилийн хугацаанд хэрэгжих “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн 2022 оны төлөвлөгөө, оролцогчдын идэвх оролцоог дүгнэх журмыг танилцуулсан. Энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжүүлэгч болон оролцогч, бүтцийн нэгжийн удирдлага нарын хооронд гурван талт хэлцлийг баталгаажуулж, үзэглэлээ. Тус хэлцэлд, хэрэгжүүлэгч болон оролцогчийн үүрэг, хариуцлага, бүтцийн нэгжийн удирдлагын дэмжлэг зэргийг амлалт хэлбэрээр оруулж, эргэн дүгнэж байхаар тусгажээ.

     Манлайллын хөтөлбөрийн оролцогчид энэ удаа Лектор, хуульч Ц.Азбаярын “Удирдлагын манлайлал”, “Глобал талент менежмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ю.Наранцацрал, Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Мэндбаяр нарын “Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө” болон “Skill matrix” боловсруулах хичээлд сууж, багаар ажиллалаа. Оролцогч бүр сурч, мэдсэн зүйлсээ өөртөө хэрэгжүүлж, хувь хүний хөгжлийн төлөвлөгөө боловсруулан, тэмдэглэл хөтлөх 14 хоногийн хугацаатай даалгаврыг авсан. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)