Засгийн газрын дуулиан ер дундрах шинжгүй. Сайд эмэгтэйд ард түмэн ул, үхэр гээд ойрхон хоёр ч удаа доромжлуулсан. Доромжлуулсан ард түмний бухимдал намжаагүй байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлал хийхээр Герман улсыг зорихдоо нислэгийн чиглэл өөрчилж өөрийн зорьсон газраа хүрсэн. Буруугаа МИАТ руу чихэж өмнө нь мэдэгдэх ёстой байсан гэдэг тайлбарыг өглөө. Гэвч олон улсын нислэг жил, сараар төлөвлөгддөг хуваарьтай гэдгийг манай тэргүүнүүд мэддэггүй бололтой. Хүссэн үедээ хөдөө гараад давхидаг орон нутгийн нислэг биш шүү дээ. Орон нутгийн нислэг ч төлөвлөгддөг. Ингээд нислэг өөрчилж үр дүнд нь 300 орчим иргэн дамжин нислэг, галт тэрэгний хуваариасаа хоцорч хохирч үлдэв.
Үүнтэй зэрэгцэн Нэгдүгээр төрөх эмнэлгийн даргын асуудал яригдаж, улмаар ажлаасаа чөлөөлөгдлөө. Хамгийн сонирхолтой нь хоёр хоног цахим орчинд нүдэхэд л салбарын сайд нь ганц ч үг ган хийхгүйгээр ажлаас чөлөөлөх тушаал гаргав. Гэвч Нэгдүгээр эмнэлгийн асуудал эрүүл мэндийн салбарын хэмжээнд хүрч газар авч салбарын сайдын суудалд ч нөлөөлж эхлэв. Учир нь салбарынхан нь С.Энхболд сайдыг салбараа мэдэрдэггүй, зөв зохион байгуулалтгүй, арьсаа хамгаалж байна гэх мэтчилэн шүүмжилж акц хийж эхэллээ.
Энэ мэтчилэн Засгийн газрын гишүүд хэл ам татлах нь их боллоо. Ер нь энэ Засгийн газарт хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ хөгөө чирээгүй хүн ховор боллоо. Ийм атал энэ Засгийн газрын гишүүд сандал ширээтэйгээ их л зууралдах юм. Нэг ч сайд олны өмнө гараад буруугаа хүлээгээд уучлалт гуйх чадвар харагдсангүй. Арга ч үгүй биз. Засгийн газрын тэргүүн нь наад зах нь нислэг өөрчилж дураараа аашилж, дунд чөмгөөрөө жиргэж байхад.
Ерөнхий сайд гэдэг Монгол Улсын төрийн бодлогыг атгаж буй хариуцлагатай албан тушаал болохоос хэн дуртайг нь хэмжээ хязгааргүй эрх ямба эдлүүлж, туйлуулах суудал огтоос биш юм. Тиймээс энэ улс оронд чинь бодлого ярьдаг биш бодлого хэрэгжүүлдэг хүн хэрэгтэй байна. Эс бөгөөс Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хангалттай шалтгаан хар дэвтэрт бичигдлээ шүү дээ.
Д.ДАВААСҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14