Б.ГОМБОДОРЖ: УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг эгүүлэн татах эсэхийг Цэц энэ долоо хоногт шийднэ

Admin | 2022-10-23


Иргэн Э.Түвшинбаяр ХНХ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ.  Тэрбээр сайд асан Д.Сарангэрэлийг сайдын тушаалаас огцруулсныг Засгийн газар бус Үндсэн хуулийн цэц дүгнэх ёстой гэж үзэж байгаа аж. Иргэн Э.Түвшинбаярт өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХН-ийн өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа юм. Дээрх асуудлаар “Монгол элч консалтинг” ХХН-ийн өмгөөлөгч Б.Гомбодоржтой ярилцлаа.

-Юуны өмнө сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлд холбогдох Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийн талаар тайлбар өгөхгүй юу?

-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос есдүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлэгт ХНХ-ын сайд Д.Сарангэрэл оролцож илтгэл тавих үеэрээ ядуурлын түвшнөөс доогуур айлуудыг “Улны айл” хэмээн нэрлэдэг гэж хэлсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэд хэдэн заалтуудыг зөрчсөн үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэн Э.Түвшинбаяр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан. Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийн агуулгын тухайд ХНХ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нь Монголын ард түмнийг ялгаварлан гадуурхаж, хүний эрхийн үндсэн баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн. Цаашлаад Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцсан учир УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг эгүүлэн татах дүгнэлтийг гаргуулах тухай агуулгатай юм.

- Д.Сарангэрэл гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах хууль эрх зүйн үндэслэл бий юү?

-Зөрчсөн зүйл заалтын тухайд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14-р зүйлийн 1,2 дахь хэсэг, 16-р зүйлийн 4, 14 дэх хэсэг, 17-р зүйлийн 2 дахь хэсэг, 19-р зүйлийн 3 дахь хэсэг, 23-р зүйлийн 1,2 дахь хэсэг, 27-р зүйлийн 1 дэх хэсэг, 28-р зүйлийн 1 дэх хэсэг, 29-р зүйлийн 3 дахь хэсэг, 38-р зүйл, 41-р зүйлийн 1 дэх хэсэг мөн 45-р зүйлийн 1,2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа.

Мөн Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль гэж бий. Тус хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуулийн зорилтуудыг зааж өгсөн байдаг. Энэ хуулийн зорилт нь “Монгол Улсын Их Хурал /цаашид "Улсын Их Хурал" гэх/-ын чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон. Мөн тус хуулийн 13 дугаар зүйл. Гишүүн хуралдаанд асуулт асуух, үг хэлэх журмыг хуульчилж өгсөн. Уг хууль УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны үйл ажиллагаанд хамаарах учир Дэгийн тухай хуулийг ч мөн адил зөрчсөн гэсэн агуулга бий.

Хуулийн 13.10.Гишүүн асуулт асуух, үг хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, гүтгэхийг хориглоно гэдэг заалттай. Мөн 13.11.-т Гишүүн үнэн, бодитой, судалгаанд суурилсан мэдээлэлд тулгуурлаж үг хэлнэ гэж заасан боловч УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дээрх заалтуудыг зөрчcөн гэх үндэслэлтэй юм.

Иймд бид УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг сайдын суудлаасаа огцроод, гишүүний суудалдаа үлдэх нь зохимжгүй гэж үзэж байна. 

-Ерөнхий сайдын захирамжаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг сайдын суудлаас нь огцруулсан. Хуулиараа бол Ерөнхий сайд биш Үндсэн хуулийн цэц дээрх асуудлыг шийдэх учиртай гэж ойлголоо?

-Тийм. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд Үндсэн хуулийн цэц нь хууль зөрчсөн маргаантай асуудлыг хянаж, дүгнэлт гаргаж УИХ-д оруулна. УИХ-ын дарга нь Үндсэн хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргаад УИХ-д оруулах эрхтэй, заалттай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг сайдын албан тушаалаас нь огцруулсан байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиар бол Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УИХ-ын дарга үндсэн хууль зөрчсөн эсэхийг дүгнэдэг байгууллага нь Үндсэн хуулийн цэц юм. Иймд Засгийн газар Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээнд халдсан гэх үндэслэл ч гарч ирж байгаа юм.

-Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийн хариу хэзээ гарах вэ?

-Иргэний мэдээллийг Цэцэд аравдугаар сарын 4-ний өдөр гаргасан. Саяхан тодруулахад 14-нд тус асуудалд нэг гишүүнийг томилсон гэсэн. Тухайн гишүүн 14 хоногийн дотор Д.Сарангэрэл сайдаас мэдээлэл авч, тайлбар авсны дараа маргаан үүсгэх үү, үгүй юү гэдгийг энэ сарын 28-ны дотор шийдэх юм.

Хэрэв Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэхгүй гэж үзвэл бага суудлын хуралд гомдол гаргах эрхтэй.

-Хэрэв Д.Сарангэрэл гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл цааш ямар процесс өрнөх вэ?

-Хэрэв Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж энэ асуудлын дүгнэлтээ УИХ-д танилцуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдана. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татвал сайн жишиг тогтоно гэх үүднээс Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүд, өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХН-ийн өмгөөлөгчид иргэн Э.Түвшинбаярт хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм. 

А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)