Цахим шилжилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа

Admin | 2 Жилийн өмнө


   Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2022.10.24/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт цахим шилжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг даалгасан чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Тогтоолын төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалттай байхаар тусгалаа. Үүнд:

1. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүн, хуулийн этгээд өөрт хамгийн ойр байрлах нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан төрийн үйлчилгээг цогц байдлаар авах нөхцөлийг бүрдүүлж, төрийн үйлчилгээ хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгуулж, төрийн үйлчилгээний төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн удирдлагыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилохоор тусгалаа.

2.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасгаас хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам болон үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батлахаар тус тус тогтоолоо. Энэ хүрээнд уг жагсаалтад дурдсан төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хуульд заасны дагуу үзүүлэх чиг үүргийг хэвээр үлдээж, нэг цэгийн үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг нэг цонхны үйлчилгээний үндсэн үзэл санаа, зарчмыг алдагдуулахгүйгээр төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлэхээр тусгалаа.

3.Түүнчлэн орон нутагт салбар, нэгжгүй төрийн захиргааны болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын үйлчилгээг төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар, нэгж хариуцан хүргэхээр тусгасан. Мөн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд холбогдох төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтоов.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэн, хуулийн этгээдийн хувьд төрийн үйлчилгээг төрийн байгууллагад биечлэн хандаж авахаас гадна орон зайнаас үл хамааран авах боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын аливаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, улмаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах эрх зүйн орчин баталгаатай бүрдэж, төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэж үзэж байна гэдгийг сайд танилцуулгадаа дурдлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)