Т. Аюурсайханы оронд хэн УИХ-ын ДЭД ДАРГА болох вэ?

Admin | 2022-10-26


   Өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг томилсон билээ. Тэгвэл түүний халааг буюу УИХ-ын Дэд даргын суудалд суучих санаатай гишүүд хоорондоо чамгүй өрсөлдөж байгаа сурагтай. Зарим нь олны нүдэн дээр ацаглаж, албан тушаал авахаар шантааж хийж байна ч гэх яриа бий.

Тэгвэл УИХ-ын дэд даргын суудалд хэн очих вэ, хэн илүү боломжтой вэ гэдэг асуулт байгаа нь тодорхой. Олны дунд гишүүн Ж.Мөнхбат, Ц.Даваасүрэн нар хамгийн магадлалтай гэж яригдаж байгаа. МАН-ын сүүлийн томилгоонуудыг харахад УИХ-ын гишүүнээр хоёроос дээш сонгогдсон, аль нэг байнгын хорооны даргаар ажиллаж байсан гэх зэрэг шалгуур тавиад байгаа.

Ямартай ч эхний ээлжид парламент дахь МАН-ын гишүүдээс одоо хэн давхар албан тушаал хашаагүй байна, хэн хэдэн удаа сонгогдож, байнгын хороо даргалж байсан гэдгийг харах хэрэгтэй болох нь. Сү.Батболд, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ж.Дэлгэрсайхан, , Д.Цогтбаатар, С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд гээд тооцвол бас чамгүй олон хүн бий. Тэгвэл эдгээрээс гишүүн Ж.Мөнхбат, Ц.Даваасүрэн хоёр Боомтын сайдын томилгоо булаацалдаж, аль ялагдсан нь УИХ-ын Дэд дарга болно гэж зүтгэж байгаа нь бараг үнэний ортой гэх.  Ц.Даваасүрэн гишүүн өнгөрсөн долоо хоногт чуулганы хурал дээр Сангийн сайд Б.Жавхлантай холбоотой нэлээд ноцтой асуудал ярьсан. Тэр зүгээр ч нэг хоосон зүйлийг тохиолдлоор ч юм уу бухимдсандаа яриагүй нь ойлгомжтой.

Боомтын сайд болохын тулд Ц.Даваасүрэн Б.Жавхлангаар дамжуулж Засгийн газрыг шантаажилж байна гэсэн олны хардлага ч гарсан. Ж.Мөнхбат гишүүн мөн л Боомтын сайд болчих санаатай арга саам хайж яваа гэх. Харин дээрх гишүүд Боомтын сайд болж чадахгүй болно УИХ-ын Дэд дарга болно гэсэн хүслээ намдаа эртнээс шивнэж, түлхэж яваа бололтой. Ямартай ч МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ирэх долоо хоногт УИХ-ын Дэд даргын томилгоог хэлэлцэнэ. Боомтын сайдыг томилох асуудлыг Төсөв хэлэлцсэний дараа хэлэлцэнэ” гэж мэдээлэл хийсэн. Тэгэхээр ирэх долоо хоногт хэн нь санасандаа хүрч, хэн хоосон хонох вэ гэдэг тодорхой болно доо.

                                                                      Д.СҮРЭН

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)