Их сургууль төгсөөд сумын захиргаанд ажиллах албан хаагчийн үндсэн цалин 615 мянган төгрөг байна

Admin | 2022-10-27


 Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган /2022.10.27/-ны үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 10 минутад эхэлсэн.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, Д.Батлут, Ц.Идэрбат, С.Чинзориг нараас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нар тус тус танилцуулав.

Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, хөдөө орон нутагт төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тэднийг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон.

Мөн аймгийн төвөөс бусад сум, тосгон, багт ажиллаж байгаа боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид таван жил тутамд нэг удаа мөнгөн урамшууллыг олгож байгааг тодотгоод аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тасралтгүй, тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал олгох хууль, эрх зүйн зохицуулалтгүй өдийг хүрснийг онцлов.  

Их, дээд сургууль төгсөөд сумын төвийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багшийн үндсэн цалин 850.0–950.0 мянган төгрөг,  эмчийн үндсэн цалин 850.0–950.0 мянган төгрөг байна. Харин их, дээд сургууль төгсөөд сумын төрийн захиргааны албанд ажиллаж байгаа албан хаагчийн үндсэн цалин 615.0 мянган төгрөг байгаа юм.

Үүнээс үүдэн сумын Засаг даргын тамгын газарт мэргэжилтнээр ажиллах залуусын сонирхол багассан төдийгүй албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байгаагийн улмаас цаашид боловсон хүчний хомстолд орох бодит нөхцөл үүсээд байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа тодотголоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)