“Тэрбум мод” хөдөлгөөн өрнүүлсэн 1 жилд 10.2 сая мод тарьжээ

Admin | 2 Жилийн өмнө


Монгол Улс “Тэрбум мод” хөдөлгөөн эхлүүлснээс хойш 10.2 сая тарьц мод тарьж ургуулаад байна.

Тодруулбал, Улаанбаатар хотод 1.3 сая, Төв аймаг 906.1 мянга, Завхан аймагт 350 мянга, Эрдэнэт ТӨҮГ байгалийн бургасыг арчлах замаар тарьц суулгац бэхжүүлэн 2.5 сая мод тарьсан байна.

Түүнчлэн, 39 зүйлийн модлог ургамлын 12.7 тн үрийн нөөц бүрдүүлсэн нь өмнөх оныхоос 4.5 хувиар, мөн 306 мод үржүүлгийн газарт 45.8 сая тарьц суулгац үржүүлсэн нь өмнөх оныхоос 4 дахин нэмэгджээ.

Уул уурхайн компаниуд 608 сая мод тарьж ургуулахаа илэрхийлж бэлтгэлээ хангаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1000 тн багтаамжтай модны үр, тарьц суулгац хадгалах агуулах, үрийн чанар, биотехнологи, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төвийг ашиглалтад оруулсан. Мөн жилд 500 м3 үржил шимт хөрс бэлтгэх төв, жилд 10 сая тарьц бойжуулах хүчин чадалтай, бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулж байна. Холбогдох яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж хамтран 1000 гаруй сургагч багш бэлтгэж, 24 орчим мянган хүнийг танхим, дадлагын сургалтад хамруулжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлээд нэг жил болж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ойн газрын дарга Б.Оюунсанаа мэдээлэл өгөв.

Зөвлөх Н.Батхүү ярихдаа, “Тарьц суулгацын нийт нөөцийн 50 хувийг Сэлэнгэ аймаг дангаараа бүрдүүлж байна. “Тэрбум мод” аппликэйшн ашиглалтад оруулж, modlog.mn цахим систем хөгжүүлсэн. Эдгээр системээр дамжуулан тарьсан модны бүртгэл, тарьц суулгацын үрийн нөөц, мод тарих сонирхолтой аж ахуйн нэгжийг бүртгэн мэдээлэл солилцож байна. Үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд том байр суурь эзэлдэг. Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт” бүс нутгийн чуулган зохион байгуулж, ногоон санхүүжилтийг дэмжих, шороон шуургыг багасгах чиглэлээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн, “Тэрбум мод” санг 3-р сард байгуулан үйл ажиллагааг эхлүүлсэн. Сангийн үйл ажиллагаа 10 дугаар сараас эхэлж, төслийн санал хүлээн авч, 8 тэрбум төгрөгийн 40-өөд төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээв.

 

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл 680 сая мод тарьж, ургуулна. Нийслэл хот 2030 он хүртэл 13 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж 20 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас бүхий 3500 га талбайд 4.5 сая, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3750 га талбайд 65 сая, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 30 сая, нийт 120 орчим сая мод тарьж, ургуулна. Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд жил бүр 2 тэрбум төгрөгөөс багагүй хандив өгч, ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, 5 их наяд 200 тэрбум төгрөгийн зээл олгох юм. Банк, санхүүгийн байгууллагууд 88 сая гаруй мод тарьж ургуулахаар төлөвлөөд байгаа. 

 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр, “Тэрбум мод хөдөлгөөний эрчимжүүлэхэд төр хувийн хэвшил зэрэг олон эх үүсвэрээс хөрөнгө татах, санхүүжилт бий болгохоор олон улсын байгууллагатай хамтраад байгаль хамгаалах итгэлцлийн сан байгуулаад байна. Салбар яамны харьяа Ойн агентлаг байгуулж үйл ажиллагааг эхлүүллээ. Биологийн олон янз байдлыг хамгаалахад баруун бүсийн 7 аймгийг модны нүх ухах анжис бүхий трактороор хангасан. Орон нутагт Ойн ангиудад анжис бүхий трактор, усалгааны системтэй хүлэмж байгуулж байгаа. Мөн мянган тонн багтаамжтай үрийн чанар, генетик нөөц бүхий автомат мод үржүүлгийн газар байгуулсан. Богдхан уулын энгэрт 2.5 сая мод тарихаар төлөвлөж, энэ намар 100 мянган мод тарьсан”-г мэдээлэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)