Чуулган дээр үзэлцээд байгаа Б.Жавхлан, Ц.Даваасүрэн нарыг шалгуулъя

Admin | 2022-11-06


  Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр гишүүн Ц.Даваасүрэн болон Б.Жавхлан нар хоорондоо нэлээд үг шидэлцэж үзэлцсэн. Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайд Б.Жавхланд хандан "Чиний менежер Ч.Мөнхбаяр зээлийн газрын дарга, чиний танил  хүүхэн н.Уянга зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал, Пүрэвсүрэн нь лизингийн захирал хийж байсан. 2014 онд Капитал банкнаас иргэн Чинзоригийн нэрээр 1.4 тэрбум төгрөгийн зээл авч, эхнэр Соёлмаагийн нэр дээр зээл болгож гаргасан. Тэр зээл нь одоо Хөгжлийн банканд шилжсэн. Хөгжлийн банк сангийн яамны харьяанд шилжсэн. Шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх тухай танай Засгийн газрын бодлогод нийцэхгүй байна" хэмээн нэлээд бухимдсан. Улмаар Сангийн сайдыг огцруулах шаардлага хүргүүлээд байгаа. 

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан "Ц.Даваасүрэн гишүүнд гүтгүүлж, зөндөө тэвчлээ. Ц.Даваасүрэн гишүүний хувьд парламентад олон жил суусан туршлагатай нэгэн. Үлгэрлэж явахын оронд парламентыг өөрийнхөө улс төрд ашиглаж байгаа нь харамсалтай байна. Өөрөө шударга, үнэний дүрд гүйгээд байдаг. Гэвч цаадах бодит үйлдэл, хүнийг нь мэдэж байгаа хүний хувьд үнэхээр харамсалтай байна. Ц.Даваасүрэн гишүүн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар 2012-2020 онд ажиллаж байсан улс төр судлаач Ц.Гансүх гэх залууг "Дарханы арьс ширний цогцолбор" бүтээн байгуулалт төрийн өмчийн үйлдвэрийн газрын захирлаар томилуулсан. Гэтэл одоо тэр үйлдвэрт юу болж байгаа вэ гэвэл арьс үйлдвэрлэх тоо нь 10 сая арьсыг боловсруулдаг байсан бол одоо 4.4 сая болж тоо нь буурч, хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн байна. Таны үнэнч шударга байдал чинь энэ үү. Энэ бол нэг хэсэг нь шүү" гэсэн юм. 

Үүнээс харахад дээрх хоёр гишүүний хооронд үүсээд буй маргаан цаанаа ямар нэг зорилготой нь илт. Ц.Даваасүрэн гишүүнийг Боомтын сайд болохоор хүслээ ийн ил, далд тулгаж байгаа гэх яриа бий. Гэхдээ тэдний хоорондоо шидэж буй үг өгүүлбэрийг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах хэрэгтэй байна.

Учир нь дээрх гишүүд аль аль нь улс төрд олон жил зүтгэсэн туршлагатай хүмүүс. Тиймээс хий хоосон зүйл чуулганы танхимд хэлэхгүй л болов уу. Хэлсэн ярьснаас нь сонсоход томоохон газруудад, том хэмжээний мөнгөн дүн яригдаад байгаа нь нэлээд ноцтой асуудлыг сэжүүр ч байж мэднэ. Тиймээс Сангийн сайд Б.Жавхлан, гишүүн Ц.Даваасүрэн нарыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч шалгана уу. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)