УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанд “Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Сангийн сайд мэдээлэлдээ, Монголбанкны 2021 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар Хөгжлийн банкны идэвхтэй байгаа нийт зээл буюу 3.2 их наяд төгрөгийн зээлд эзэлж буй чанаргүй зээл нь 1.8 их наяд төгрөгт хүрсэн буюу чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 55.3 хувийг эзэлж байгааг дүгнэсэн актыг 2021 оны 12 дугаар сарын 21-нд албажуулсан. Нийт чанаргүй болсон 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн 73 хувь буюу 1.4 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг 2012-2016 онд Засгийн газрын тогтоолтойгоор олгосон зээлүүд эзэлж байна. Ингэснээр хамгийн багадаа 10 хувь болон түүнээс дээш хувь байх ёстой санхүүгийн байгууллагын амин үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээ 0 утгаруу ойртож 1.3 хувьд хүрсэн нь дампуурлын эрмэгт хүрснийг илтгэнэ гэдгийг онцолсон.
Мөн Хөгжлийн банк 2023 оны 10 болон 12 дугаар саруудад олон улсын хөрөнгийн зах зээл дээр 2018 онд дахин санхүүжилт хийх зорилгоор арилжаалсан 500.0 сая ам. долларын евро бонд, Япон улсын зах зээлд 2013 онд хаалттай арилжаалсан 30.0 тэрбум иений “Самурай” бондын эх үүсвэр буюу өнөөдрийн ханшаар ирэх онд нийт 2.6 их наяд төгрөгийн эргэн төлөлтийг гүйцэтгэх хуваарьтай гэж байлаа.
2018 онд олон улсын хөрөнгийн зах зээлд таван жилийн хугацаатай Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.доллар евро бонд гаргасан ба тус бондоор ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд цэвэр өрийн удирдлага хэрэгжүүлж дахин санхүүжилт хийсэн. Үүний үр дүнд, Засгийн газрын баталгаатай өр төлбөрийн дүнг бууруулж, өр төлбөрийн жигнэсэн дундаж хугацааг 3.8 жилээр сунгасан, хүүгийн зардлыг бууруулж, хөвөгч хүүг тогтмол болгож чадсан. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан үнэт цаасны үлдэгдэл нийт 2.6 их наяд төгрөг байгааг Сангийн сайд мэдээлэлдээ дурдлаа.
Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны асуудлыг анхаарлын төвөөс гаргалгүй, тус банкны үйл ажиллагааны талаар Засгийн хуралдаанаар тогтмол мэдээлэл авч, үүрэг, чиглэл өгч ажиллаж байгааг Б.Жавхлан сайд мэдээлэлдээ дурдаад энэ оны нэгдүгээр сараас эхлэн чанаргүй зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг эрс эрчимжүүлж, асуудлыг олон нийтэд нээлттэй ил тод болгосон гэв.
Мөн тэрбээр бид оны эцэст нийт эргэн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэж, оны эхэнд 1.3 хувь байсан банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээг 20 хувьд хүргэхээр зорин ажиллаж байна. Ингэснээр Хөгжлийн банкийг санхүүгийн үзүүлэлтийн хувьд дампуурах эрсдэлээс бүрэн гарч, хэвийн үйл ажиллагаатай болж, банк бие даан ирэх оны өрийн удирдлага хэрэгжүүлэх чадамжтай болж, цаашид Хөгжлийн банкны Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилтээр хангах үндсэн чиг үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ гэж байлаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14