“Болор цом”-ын эзэн Б.Болорцэрэн: Эмэгтэй хүн, эх хүний хувьд байгаль, ан амьтдаа хайрлах нь миний мөнхийн сэдэв байх болно

Admin | 2022-01-02


“Болор цом-39” яруу найргийн наадмын “Болор цом”-ын эзэн Б.Болорцэрэнтэй ярилцлаа.

-Юун түрүүнд Болор цом яруу найргийн наадамд түрүүлсэн танд баяр хүргэе! сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Баярлалаа, миний хувьд “Болор цом” яруу найргийн наадамд 2004 онд анх оролцсон. Түүнээс хойш арваад жил оролцсон. Харин сүүлийн зургаан жил өнжөөд энэ жил оролцож түрүүллээ. Маш их баяртай байна.

-Монголын орчин цагийн олон ч хит дууны шүлгийг та бичсэн байдаг. Тухайлбал, “Зунаараа намар, Гангараа, Зүгээр л инээмсэглэ” зэрэг дууны шүлгийг бичсэн. Та яруу найргаас гадна дуу, хөгжимд мөн сонирхолтой байх нь ээ?

-Шүлэг, аяыг маань дуучид амилуулж олон түмний хүртээл болгоно гэдэг яруу найрагч хүний хувьд хамгийн том аз жаргал байдаг. Хөгжим гэдэг хил, хязгаар үгүй хэн ч ойлгож, хэн ч мэдэрч хэн бүхнийг аз жаргалтай байлгаж чаддаг тийм агуу зүйл. 2009 онд хөгжмийн зохиолч Мөнхжаргал найзын маань аялгуу “Чин үнэнч” хэмээх дуугаа хамтарч бүтээж байсан. Үүний дараагаар дууны уран бүтээлд олон дуучин, хөгжмийн зохиолчтой хамтарч уран бүтээл гаргасан.

-Таны хувьд анхны номоо ээждээ зориулж бичсэн харин анхны дуун цэнгүүнээ аавдаа зориулж хийсэн гэлцдэг. Яруу найрагчийн замналаар явахад аав ээжийн тань нөлөө бий юү?

-Миний яруу найргийн таван ном, дууны хоёр цомог, яруу найргийн нэг цомог байдаг. Мөн миний шүлгүүдээр бүтсэн дууны хоёр тоглолт хийгдсэн. Хамгийн анхны номоо Орчлон миний ширээний ном нэртэйгээр 108 шүлгийн хамт ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж бичсэн. Хамгийн анхны амьдралын зураг нэртэй тоглолтоо аавдаа зориулсан. Аав минь зураач, залуудаа шүлэг бичдэг хүн байсан. Эгч маань яруу найрагч, зохиолч хүн. Харин ээж минь олон түмэндээ нэр хүндтэй, өв уламжлалаа сахин дээдэлж байдаг тийм цэцэн цэлмэг хүн байсан. Мөн өсөж өндийсөн хойморь сайхан нутгаас эхлээд аав ээжээс минь өвлөгдсөн авьяас билиг байгаа байх аа. Бүгдэд нь маш их талархаж байдаг аа.

-Та шүлэг, яруу найргаар дамжуулан бусдад юу хэлэхийг хүсдэг вэ?

-Эмэгтэй хүн, эх хүнийхээ хувьд охид бүсгүйчүүдийнхээ сэтгэлийн төлөөлөл байхсан. Тэдний хүсэл мөрөөдлийг эрчүүдэд болон энэ орчлон дэлхийд илтгэх гүүр байхсан гэж уран бүтээлээ туурвидаг. Мөн эх дэлхий, ан амьтдыг хайрлахсан, энэрэхсэн гэж энэ сэдвийг уран бүтээл бүхэндээ тусгадаг. Уран бүтээлч хүний хувьд бүх л зүйлийг шүлэг, яруу найрагтаа тусгахыг хүсдэг.

-“Болор цом-39 наадамд хэчнээн шүлэг сойв. Та сүүлийн шатанд шүлэг уншихдаа “сүүлийн шат хүртэл явна гэсэн бэлтгэлгүй ирлээ” гэж хэлж байсан.  Тухайн үед уншсан шүлгийнхээ талаар сонирхуулаач?

-Болор цом яруу найргийн наадам уншигчид, зохиолчдыг уулзуулдаг хамгийн том наадам. Миний хувьд бусад яруу найрагчдынхаа адилаар  шүлгүүдээ бэлдээд орсон. Бүгд сайн байсан, Бямбасүрэн дүүтэйгээ оноо тэнцсэн. Оноо тэнцэнэ гэж бодоогүй.  Яруу найргийн наадмын урьд өдөр нь ээжийн маань бурхан болсон өдөр байсан. Өглөө нь “Шүлэг бичихгүй л бол” шүлгээ бичээд эргээд харна даа гээд утсан дээрээ тэмдэглэчихсэн байсан. Шүлэг бичихгүй л бол гэдэг шүлгээ уншина гэж бодоогүй.

-Таны шүлгийг муу ёр зөгнөсөн гэхчлэн шүүмжилж байсан. Тухайлбал, гудманд яваа муурыг гэртээ оруулж бүүвэйн дуу дуулж өгнө гэх мэт...?

-Амьдраад л буцна, адилхан л буцна бид бүгд. Тийм учраас амьдрах энэ богинохон хугацаандаа хайртай бүхнээ, хамт оршин тогтнож буй бүхнээ хайрлах энэрэх ёстой. Эмэгтэй хүн, эх хүний хувьд байгаль орчин, ан амьтдаа хайрлах тухайд миний мөнхийн сэдэв байх болно. Энэ орчлон дэлхийд хүмүүс дан ганц амьдардаггүй энэ утгаараа “Чөлөө учрал” шүлгээ бичсэн. Мэдээж шүүмжлэл, зэмлэлийг даана. Хүн байгаль амьтны хүйн холбооноос наран манддаг. Тийм учраас амьтай бүхэн амгалан байгаасай, алтан наран мандсаар байгаасай гэж үргэлж залбирч сүсэлж явдаг. Цаашдаа ч энэ тухай бичсээр байх болно. 

-Таны бичлэгийн онцлогийг хараад байхад нэлээд утга уянгын аяс, халилтай санагдсан. Шүлгээс тань анзаарахад нэг тийм зовлонгүй, асуудалгүй амьдардаг ч юм шиг...

-Бусад яруу найрагчдынхаа адилаар шүлэг, яруу найрагт дурласан хүн. Жирийн л хүн, жирийн л эх хүн, эмэгтэй хүн. Надад бусдаас онцгойрох тодрох юу ч үгүй. Шүлгээ бичсээр байх болно. Үүнээсээ ч илүү хичээсээр байх болно гэдгээ л хэлье.

                                                                                                                     А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)