УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг ЯАГААД шүүмжлэв

Admin | 2022-11-17


 

                                                                    "Үндсэн хуулиас дээгүүр гэрээ гэж байхгүй"

  Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэлэлцүүлэг явагдаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус хуультай холбоотой маш чухал асуудлыг хөндөв. Учир нь газар болоод газрын баялагтай холбоотой концессын гэрээний харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагалдах хуулийн нэмэлт өөрчлөлтөөр биш Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуулиар буюу эцэг хуулиар зохицуулах ёстой хэмээн үзэж яагаад гэдгийг ийн тайлбарласан юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагалдуулж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл оруулж ирсэн. Энэ ямар өгүүлбэр орж ирсэн гэхээр “Төрийн өмчийн газар түүний хэвлий, төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээнд заасныг үндэслэн эзэмшүүлэх ашиглуулах, шинээр бий болгох шинэчлэн сайжруулахтай холбогдсон харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар зохицуулна” гэсэн өөрчлөлт орж ирсэн. Би дэмжихгүй. Төрийн өмчийн газрын харилцааг газрын хуулиар л зохицуулах ёстой. Орж ирж байгаа өөрчлөлт нь газар, газрын хэвлий буюу байгалийн баялгийг концессын гэрээгээр эзэмшүүлэх асуудал яригдвал энэ хуулиар зохицуулна гээд ороод ирж. Бид газар болон газрын хэвлий, төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой харилцаануудыг эцэг буюу суурь хуулиар зохицуулах ёстой. Ашигт малтмалын тухай хууль эсвэл Газрын тухай хуулиар зохицуулах ёстой. Энэ хууль илүү хүчин төгөлдөр үйлчилж болохгүй. Жишээлбэл, төмөр зам дээр манай улс Үндсэн хуульд зааснаар “Газрыг гадаадын хуулийн этгээдэд төлбөртэй, хугацаатай ашиглуулна” гэдэг заалттай. Тэгээд ч Монгол Улс Үндсэн хуульд нийцээгүй олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй гэдэг заалттай. Гэтэл манай улсын газрыг төлбөргүйгээр, гэрээгээр эзэмшүүлэх гадаад улсын оролцоотой хуулийн этгээд гарч эхэлж байна. Үндсэн хуульд нийцэхгүй. Тэгэхээр бид гэрээнд тэгээд заасан учраас гээд Үндсэн хуулиа нулиад байж болохгүй. Үндсэн хуулиас дээгүүр гэрээ гэж байхгүй. Ялангуяа Төр, хувийн хэвшлийн харилцаатай холбоотой асуудлаар. Тэр тусмаа газрын, газрын хэвлийн асуудал ярьж байгаа байхад. Тиймээс бид энэ асуудал дээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг 3 долоо хоногийн өмнө шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн. Тун удахгүй УИХ-д орж ирж хэлэлцэх байх. Газрын багц хууль, Өмчийн багц хуулиуд дандаа шинэчилсэн найруулга хэлбэрээр өөрчлөгдөөд орж ирж байгаа учраас одоо буцаая. Нэгэнт одоо УИХ хэлэлцэж байгаа шинэчилсэн найруулга хэлбэрээр ярьж байгаа тэр хуулиудаар нь нарийвчилж зохицуулъя гэж зарчмын санал гаргаж байна” гэсэн юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)