Эрх баригчид нүүрсний хулгайтай тэмцэж, ил болгоно гэсэн мэдээллийг хийгээд багагүй хугацаа өнгөрсөн. Нүүрсний хулгай нь хэдэн их наяд буюу дор хаяж хоёр жилийн улсын төсөвтэй дүйцэх хэмжээний мөнгө яригдах боллоо. Энэ хэрээр нүүрсний бүлэглэл нэлээд өргөн хүрээтэй байх нь ч ойлгомжтой болоод явчихлаа.
Ямартай ч нүүрсний бүлэг хулгайчдыг илрүүлэх ажил хөдөлж эхэлсэн бололтой. өчигдөр Авлигатай тэмцэх газраас 33 объектод нэгжлэг хийсэн талаар мэдээллээ. Ингэхдээ дөрвөн ч хүнийг баривчилжээ. Энэ талаар АТГ-аас “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нэгдүгээрт “Тавантолгой төмөр зам” ХК-ийн захирал үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийг шалгаж байна. Хоёрдугаар “Богдхаан” төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулсан. Одоогоор шалгаж байгаа албан тушаалтнуудын мэдээллийг өгөх боломжгүй. Өчигдрийн байдлаар 4 албан тушаалтанг баривчилсан” гэсэн мэдээлэл өгөв.
Хамгийн сонирхолтой нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байж магадгүй “Тавантолгой төмөр зам” ХК-ийн захирал Н.Удаанжаргал Монголд байхгүй аж. АТГ-аас нүүрсний хулгайн хэргээр саатуулсан дөрвөн хүн нь Н.Удаанжаргалын доод албан тушаалтнууд бололтой. Тодруулбал, “Таван толгой төмөр зам” ХХК-ийн Газрын дарга Э.Эрдэнэбат, Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Ц.Хүрэлсүх, “Фаннили финанс” ББСБ-ын захирал Г.Болдбаяр, Ю.Оюунцэцэг нарыг 48 цагийн хугацаатай саатуулсан гэх яриа гараад байна. Тэгэхээр манай хуулийн байгууллага хамаг том дарга нь гадаадад явж байх хооронд багачуудаас нь зориуд эхлэв үү, эсвэл эзэнгүй хэрэг гээд замхруулах тактик уу. Ямартай ч нүүрсний бүлэг хулгайг илрүүлэх ажил эхэлсэн нь баттай боллоо.
Ингэхдээ "Тавантолгой төмөр зам" ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нараас эхлэн шалгаад эхэлж. Мэдээж үйл ажиллагааны нөхцөлөөс хамаарч шууд дээрх компаниудаас нь эхлэх нь ойлгомжтой.
Гэхдээ “Эрдэнэ тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг албан тушаалаас нь чөлөөлж, тус компанид зургаан сарын онцгой дэглэм тогтоож шалгаж эхлэх үеэс л Н.Удаанжаргалын хувьд Монголоос аль хэдийнэ гарсан байсан. Түүнийг БНСУ руу зугтсан гэх мэдээлэл гарсан ч “Би БНСУ-д ажлаар явж байна” хэмээн тайлбар хийсэн байдаг. Харин энэ удаад түүнийг БНСУ-аас АНУ руу гарсан байх гэсэн яриа гарах боллоо. Үнэн бол Ч.Сайханбилэг шиг АНУ-д бүгчихвий гэсэн хардлага байна. Учир нь тэрээр үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгагдаж байгаа, дээр нь нүүрсний бүлэглэлийн гол нууцыг тээж яваа ч байж мэднэ. АТГ-аас “Таван толгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг гадаадад байгаа, байхгүй байсан ч бид шалгалтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ Н.Удаанжаргал АНУ-ын хаа нэгтээ нуугдаад бүгчихвэл хуулийн байгууллага яаж ч чадахгүй гэдгийг ганц Ч.Сайханбилэгийн жишээнээс л харагдаж буйг хуулийн байгууллага эрх биш мартаагүй биз ээ.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14