Б.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар нар нэгнийгээ илчилж "бөмбөг" дэлбэлнэ гэв

Admin | 2022-11-17


  Нүүрсний бүлэг хулгайг илрүүлэх чуулганы танхимд энэ гишүүн хулгай, тэр гишүүн хулгай ч гэж ярих үзэгдэл ихсэв. Ялангуяа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр нэлээд таарамж муутай байх болжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа Ч.Хүрэлбаатарын хулгайн мөнгөнөөс шавхруу долоогч “боол”-ууд эзнээсээ цалин авж байж өнцөгөө зөв олж намайг гөвөөч ээ. Төрийн өмч дэх хулгай, төрийн өмчийн компанийн шинэчлэлийг сүүлийн 6 жил тасралтгүй ярьж, энэ чиглэлийн эрх зүйн реформыг УИХ дээр манлайлж байгаа, УИХ-ын ил, хаалттай хурал бүр дээр сүүлийн хоёр жил төмөр зам, нүүрсний нууц гэрээг ил болгохыг нэхэж шаардаж, удахгүй “цөмийн бөмбөг” дэлбэрэх тухай сануулж байсан намайг “Нүүрсний мафи”-чин болгох гэж хөөрхий тэрүүхэн тэндээ их л хичээгээстэй. Наад чинь ер явахгүй. Хэн ч итгэхгүй. Надад нүүрс байтугай юу ч шахаж байсан намтар түүх байхгүй. Нэг ч хүн төрийн өмчийн компанид шахаж, гуйж, оруулж байгаагүй. Яагаад гээ. Та нар шиг хулгайч нарт барьцаалагдахгүй, Та нарыг илчлэх нэр нүүр, зам мөртэй байх гэж тэр. Цаг өөрчлөгдөж байгаа. Ард түмэн тэнэг биш, маш ухаантай, хэрсүү болсон. Хэн тийм болгосон гээч? Та нар хэмээн бичжээ.

-Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Хулгайн хэрэг ил болоход хулгайчид, хулгайчдын гар хөл их сандардаг аж. Нэг их удахгүй баригдана даа баригдана та нар. Намайг муу хэллээ гээд би буцахгүй, шантрахгүй. Та нарын бүгдийнх нь ард гарна аа.  Харж байгаарай” хэмээн бичиж.

Хоёр хоногийн өмнө тэд мөн л хоорондоо үг чулуудсан. Тодруулбал, 

-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг бол зарчмын хувьд дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх сайд Ч.Хүрэлбаатарт итгэхгүй. Яагаад гэхээр Ч.Хүрэлбаатар бол мэргэшсэн хулгайч. Энэ хүн Сангийн сайдаар ажиллах хугацаандаа гадны зээлүүдийн жагсаалтыг гаргаж авсан. Зээлийн долоон төсөл хэрэгжүүлсэн байна. Нийт үнэ нь 439 сая ам.долларын дүнтэй. Эдгээр төсөл өөрийнх нь сонгогдсон тойрог багтсан байна. Энэ авсан зээлийг Монголын ард түмэн татвар төлөгчид төлж байгаа. Мөнгө угаагаад байгаа юм уу. Энэ мөнгөөр юу хийхийг сайд шууд тохирдог. УИХ-аар энэ задаргаа нь ордоггүй. Бүр засгаар ч ордоггүй. УИХ-аар тэдгээр зээлүүдийнх нь эргэн төлөлтийг төсвөөс төлөгдөх нөхцөлтэй гэдгээр улсын төсөвт ерөнхий дүнгээр шууд баталж ард түмэн төлж явдаг. 439 сая ам.доллараар нэг хүнийг сайд дарга болгож, сонгогчдыг нь эрхлүүлэх гэж. Ямар үнэ цэнэтэй суудал вэ. Одоо тэр сайд маань тэр хуулийг хэрэгжүүлэх гээд Эдийн засгийн хөгжлийн сайд болчихсон. Яг энэ схемээр, төсвийн хуулиар мэргэшсэн хүн учраас би Ч.Хүрэлбаатарыг "мэргэшсэн хулгайч" гэж хэлсэн. Үүнийг нь судлаад үзэхээр ерөөсөө Их хуралд танилцуулахгүй. Өөхөнд боочихсон. Юу юм бүү мэд. Төсөвт олон улсын байгууллагуудад зээлээр хүлээсэн үүрэг гэдэг ганц өгүүлбэрээр сууж байгаа. Та бүхэн анзаараарай. Жил бүр хоёр их наяд, гурван их наяд нэг тэрбум ам.доллар шүү. Нөгөө нөхрийг сайд, дарга болгоход сонгогчдыг хахуульдахад зориулж гадаадаас зээлсэн мөнгийг бид жил бүр нэг их наядаар төсөвт суулгаж байна. Тэрний задаргааг ерөөсөө УИХ-д танилцуулдаггүй. Бид нарт бөөн дүнгээр танилцуулдаг. Олон улсын өмнө хүлээсэн зээлийн гэрээгээр хүлээснээ төлөхгүй бол Монгол Улс дефолт болно. Тэгэхээр та хэд үүнийг батлахаас өөр аргагүй гэж хэлдэг. Энэ бол Сангийн яамныхны жижүүрийн үг шүү. Яг ийм замаар төсвийн хулгай хийгээд мэргэшсэн. Төсвийн хулгай дээр нэмэх нь хуулийн хулгай. Ингэхээр мэргэшсэн хулгайч болчихож байгаа юм” гэв.

-Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Намайг Сангийн сайд байхад Увс аймагт 440 сая ам.долларын зээлийн төсөл хэрэгжсэн гэж энэ нөхөр худлаа попорч, бас гүтгэжээ. Энэ хүн эрүүл үү. Эргүү юү?” хэмээн хэлж байв.

Дээрх гишүүдийн хэн нь үнэн хэлж, хэн нь худал хэлж буйг таахад бэрх. Хоёулаа л улс төрд олон жил ажиллаж буй туршлага хүмүүс. Тиймээс амнаасаа зүгээр ч нэг хий үг унагаж, цээжээ дэлдэхгүй л болов уу. Тиймээс нүүрсний бүлэг хулгайг илрүүлэхээр шалгаж буй хуулийн байгууллага иймэрхүү үзэгдлийг анхаарчхад илүүдэхгүй л болов уу.

                                                                                                                                     Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)