Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголын төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Admin | 2022-06-17


Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар Нийслэлийн 2022 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. 

2022 оны төсөвт хэд хэдэн өөрчлөлт оруулахаар боловсруулжээ. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд хуваарилж байгаа шилжүүлгийн орлогыг 2 тэрбум 531.9 сая төгрөгөөр бууруулахаар болжээ. Ингэснээр 26 тэрбум 048.1 сая төгрөг байхаар төсвийн төсөлд тусгажээ. Мөн нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, биеийн тамир спортын байгууллагын үйлчилгээний зардалд 2022 онд батлагдсан урсгал зардлыг 28 тэрбум 934.5 сая төгрөгөөр бууруулж байгаа аж. Учир нь энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дээрх зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэхээр болж байгаа юм. 

Нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх шилжүүлгийг 7 тэрбум 907.3 сая төгрөгөөр нэмэгдүүлж байгаа бол, Хотын шуудын 2021 оны төсвийн орлогын давалт, зарлагын хэмнэлт 83 тэрбум 656.3 сая төгрөг байхаар Төрийн аудитын байгууллага баталгаажуулжээ. Энэ оны эхний 5 сарын орлогын гүйцэтгэлийн мэдээгээр нийслэлийн төсөвт 528.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Гэвч энэ нь орлогын төлөвлөгөө 46.8 тэрбум төгрөг буюу 8.1 хувиар тасарсан үзүүлэлт юм. 

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид төсвийн төсөлд тусгагдсан хөрөнгө оруулалттай холбоотойгоор асуулт тавьж, саналаа хэлсний дараа төсвийн тодотголын төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэв.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)