“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын СААЖЦ-ын “Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамиртай манай идэвхтэн сурвалжлагч Н.Батжаргалын хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.
-“Сэлэнгэ” катерингийнхаа “үүсэл, үргэлжлэл”-ийн талаар ярилцлагаа эхлэх үү?
-Манай “Сэлэнгэ” катерингийн хэсэг нь 2019 онд анх 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй үйлдвэрийн дүүргийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цехийн ажиллагсдад халуун хоолоор үйлчлэх зориулалттай байгуулагдаж, жилийн дараа улам өргөжиж Оёдлын цех, Барилга засварын цех, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэг, Ил уурхайн Тэсрэх бодисын үйлдвэрт үйлчлэн, эдүгээ уурхайчид баялаг бүтээгчдийнхээ ажлын байртай ойрхон цэгт төвлөрсөн таван байрлалд өдөртөө 900-1200 ажилчдад гурван удаагийн давтамжтайгаар 24-н цагаар зогсолтгүй үйл ажиллагааг манай ахлах тогооч, тогооч тус бүх 10, бэлтгэгч 17 хүн гээд зөвхөн хоол үйлдвэрлэлийн хэсэгт 38 хүн, бусад алба үүргийнхэнтэйгээ нийлээд өнөөдөр 70 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
-Байгууллага хамт олон бүхэн өөр өөрийн ялгагдах онцлогтой байдаг даа?
-Зууны манлай, Баатар үйлдвэрийнхээ бүтцийн нэгж гэдэг утгаараа бид, Баяжуулах үйлдвэрийн хүчит тээрэм зогсолтгүй эргэж, уурхайчид ээлжиндээ ажиллаж, үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа байнгын жигд ажиллаж байдаг шиг л хоногийн 24 цагийн эргэлтэд тасралтгүй зогсолтгүй үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой, бас энэ үйлдвэрийнхээ үндсэн харьяалал хоол үйлдвэрлэлийн катеринг гэдэг нь бидний гол онцлог юм даа.
- Хоол үйлдвэрлэлийн бусад ижил төстэй байгууллагуудаас ялгагдах давуу талаа та юу гэж боддог вэ?
-Бидний гол давуу тал бол нэгдүгээрт бараа материалын маань хүнсний эрүүл ахуй чанарын шаардлага дээд зэргээр хангагдсан, аюулгүй байдлыг хангахын үүднээс бараа бүтэгдэхүүнээ өндөр шалгуураар хамгийн сайн чанарын хүнсний түүхий эд, бараа материалуудыг л худалдан авч нийлүүлдэг. Үйлчлүүлэгчдийнхээ хоногтоо авах стандартын шаардлагатай илчлэгийн хэрэгцээг бүрэн хангасан ийм бүтэгдэхүүнийг бид бэлтгэж, уурхайчдын хүсэл сонирхлыг хангасан, сонголт арвинтай, амт чанар сайтай халуун хоолоор, халуун сэтгэлээр үйлчлэхийг байнга хичээж ажилладаг.
-Та сая “сонголт арвинтай”-гэж хэллээ...?
-Ажилчин нэг удаа хооллохдоо нэг, хоёрдугаар хоол тус бүр 4 төрөл, салат зууш 3 төрөл, цай ундаа, шүүсийг 3-аас 4-н төрөл, талх, нарийн боовны цехийнхээ бүтээгдэхүүн гээд хүнсний бэлэн болсон 15-17-н төрлийн бүтээгдэхүүнээс сонгох боломжтой гэсэн үг л дээ. Бас хоол, салат бүхэнд эмчилгээний зориулалтын тустай жороор хийгддэг төрөл сонголт бий. Хоолны цэс 21 хоногоор гарч, батлуулдаг. Бас мэргэжлийн хоол зүйчид маань судалгаа авч, хамгийн их эрэлттэй байгаа хоол, зарим өвчлөлтийн онцлогт тохируулан хоол үйлдвэрлэлээ явуулдаг юм.
-За, жишээ нь өнөөдрийн буюу баасан гарагийн цэсийг сонирхвол..?
-За, өнөөдрийн цэсэнд, Салат, зууш 3 төрөл (луувангийн салат, өег салат, хүрэн манжингийн салат) далайн байцаатай шөл, гоймонтой шөл, сүүтэй цагаан будаа. Хоёрдугаар хоол нь цуйван, байцаатай ороомог, бууз (бууз нь махтай болон ногоотой гэсэн хоёр төрөл), тахианы махан ороомог, сүүтэй цай, бор цай, жимсний шүүснүүд, тэгээд талх нарийн боовнууд гэхчлэн энд 14 төрлийн зоогийн сонголт байна даа.
-Үйлчлүүлэгсэд зоог барихдаа үдийн цайны цагийнхаа ямархан хугацааг танайд зарцуулдаг бол?
-Хоолны зааланд 11.00 цагаас эхний ажилчид орж ирснээс хойш дунджаар 40 орчим минутад өндөр ачааллын үе буюу 100-120 хүн үйлчлүүлсэн байдаг. Судалгаагаар бид нэг хүнд дунджаар 5 минут зарцуулж, харин үйлчлүүлэгч зоогийн ширээнд 12-15 минутыг өөртөө зарцуулсан байдаг. Манайд өндөр зэрэглэлийн рестораны тогоочийн түвшний мэргэжлийн ур чадвартай, туршлагатай, шилдэг тэргүүний олон сайн тогооч, ахлах тогооч нар ажилладаг.
-Бас мэдээж, үйлчлүүлэгсдийн зүгээс танай үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан гомдол саналууд гардаг л байх даа?
-Өө мэдээж байлгүй л яах вэ, Бэрхшээл саадгүй ажил үйлс гэж хаана байх вэ, биднээс шалтгаалахгүй, өөрөөр хэлбэл “давагдашгүй хүчин зүйл” гэж бас байна. Жишээ нь, цар тахлын асуудлаар хил хаагдаж хоол хүнсний бүтээгдэхүүний түүхий эд хомсдох, бараа материал нь заагдсан хугацаандаа ирэхгүйгээс үүдэн хоолны орц нормд багахан өөрчлөлт гарах зэрэг аар саар хэлбэлзэл саад байсаан. Гэхдээ бид Эрдэнэт үйлдвэрийнхэн шүү дээ. Эрдэнэт үйлдвэр бол бэрхшээлийг үл ажран, зөвхөн үр бүтээмжтэй л ажилладаг Улсын Баатар байгууллага хамт олон юм.
-“Сэлэнгэ катеринг”-ийн үндсэн үйлчлүүлэгсдээс өөр хүмүүс танайхаар үйлчлүүлж болдог уу?
-Эрдэнэт үйлдвэрийн аль ч бүтэц нэгжийн ажиллагсдад хэзээ ч ирээд картаа уншуулаад манайд үйлчлүүлэх боломжтой байдаг. Гаднын хүмүүс, үйлдвэртэй танилцах зочид манайд зоог барих тохиолдол гарвал бидэнд урьдчилан захиалга өгөх шаардлагатай байдаг.
-Байгууллага хамт олныхоо тухайд хэлэх таны бахархлын үгээр энэ удаагийн ярилцлагаа жаргаая?
-Эрдэнэт үйлдвэрт маань зөвхөн эрүүл саруул хүчирхэг ажиллах хүчин хэрэгтэй. Тэгвэл “Эрүүл чанартай хоол хүнс”-ээр цэнэглэгдсэн тохиолдолд л “эрүүл чанартай ажиллагсад” оршин тогтноно шүү дээ. Үйлдвэрийн бүхий л хэсэг нэгжүүд дэх баялаг бүтээгчид, ажиллагсад бүгд Эрдэнэт үйлдвэртээ “амин чухал эрдэнэ” байдаг бол, тэрний амин чухал хэрэгцээг нь “Сэлэнгэ катеринг”-ийнхан бид хангаж байдаг маань бидний бахархал юм. Үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагаанд Цахилгаан гүйдэл хэрэгтэй шиг, хүчит техникүүдэд нь түлш, тослох материал хэрэгтэй шиг, улсын энэ аварга үйлдвэрийн хэвийн ажиллагаанд уурхайчид баялаг бүтээгчид хэрэгтэй. Харин уурхайчид, баялаг бүтээгчдэдээ манай “Сэлэнгэ катеринг” хэрэгтэй...
-За баярлалаа. Танай хамт олонд үйлс бүтээлийн төгөлдөр сайныг хүсье.