Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан болсон.
Тус хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцож, есөн асуудал хэлэлцсэн юм.
Хурлаар дараах шийдвэрүүд гаргасан байна:
- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар арванхоёрдугаар сарын 5-н буюу ирэх 7 хоногийн даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
- Олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд явж байгаа BRT төслийн зээлийн санхүүжилтийг УИХ-аар соёрхон батлуулахад бэлтгэх чиглэл өглөө.
- Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус орж ирнэ.
- Тээврийн хэрэгслийн "Цахим гэрчилгээ" RFID төсөл амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 160 орчим уулзварт 380 гаруй тоног төхөөрөмж суурилуулсан. 2023 оны эхний улиралд замын хөдөлгөөнд нэвтрүүлэхээр боллоо.
- Улаанбаатар хотод гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд барих ажлыг шуурхайлна. Нийслэлийн замын хөдөлгөөний нягтралыг бууруулж, авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийн эсрэг арга хэмжээ авахад энэ ажил чухал үр дүнтэй юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр санхүүгийн асуудлыг шийдсэн байна.
- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Үндэсний хорооны богино болон дунд хугацааны төлөвлөгөөгөө эрчимжүүлэх, хэрэгжүүлэх чиглэлийг ажлын хэсгүүдэд өглөө. Мөн сар, улирал тутам хийсэн ажлаа эргээд тайлагнадаг байхыг чиглэл болгов.
- Нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн явуулж болох талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар тогтсон байна.