Тээврийн хэрэгслийг ачихдаа цагдаагийн хяналтгүй ачдаг зөрчил илэрчээ

Admin | 2022-12-01


    Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу явагдаж байгаа эсэхийг Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шалгалт явуулжээ.

Шалгалтаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаанд Зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа хэд хэдэн зөрчил тогтоогдсон байна.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагын алба хаагчаас 2021 он, 2022 оны эхний хагас жилийн байдлаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах 130.537 зөвшөөрөл олгогдсон байгаагаас цахимаар олгосон 88.915 зөвшөөрөлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хуульд заасан шийтгэл оногдуулалгүй, зөвхөн зөөж шилжүүлсэн, түр саатуулсан ажиллагааны зардал, төлбөрийг гаргуулан авч, тээврийн хэрэгслийг буцаан олгосон нийтлэг зөрчил илэрчээ.

Түүнчлэн “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д зааснаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажиллагаа цагдаагийн албан хаагчийн хяналтад явагдах ёстой байтал хэрэгжүүлж ажиллаагүй, мөн журмын зарим зохицуулалтууд Зөрчлийн тухай хууль тогтоомжтой нийцэхгүй зөрчилдсөн, давхардсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээрх журмыг холбогдох хуульд нийцүүлэн боловсронгуй болгох тухай санал, Цагдаагийн байгууллагад Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар прокурорын шаардлага бичиж, тус тус хүргүүлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)