Захиргааны байгууллагаас гаргасан улс төрийн шийдвэрийг шүүх хянахгүй

Admin | 2022-12-05


   Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж, сумын Засаг дарга Ц.У-г огцруулах санал гаргаж, уг саналыг үндэслэн аймгийн Засаг даргаас Ц.У-г огцруулах захирамж гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.У нь “...шүүхээс гэм буруутай талаар тогтоогоогүй, хууль журам зөрчөөгүй байхад огцруулах санал гаргасан” гэж, хариуцагчаас “Засаг даргыг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж Хурлын төлөөлөгчдийн олонх санал гаргасан, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдсэн” гэж тус тус маргасан.

Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд “... захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд төрийн ардчилсан зарчмын дагуу олонхоор шийдвэрлэсэн, ялангуяа Засаг даргыг огцруулах асуудлын хүрээнд чиг үүргээ биелүүлсэн эсэх зэрэг бодлого (улс төр)-ын шийдвэрт шүүх эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс “... нэхэмжлэгчийг ямар чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлээгүй, ямар хуулийг хэрхэн зөрчсөн талаар хариуцагчаас тодруулаагүй, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл тус бүрд бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай” гэж үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.

Энэ тохиолдолд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан “Засаг даргыг огцруулах тухай” санал нь Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах улс төрийн шийдвэр, энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх эрхийг дээд шатны Засаг даргад ямар нэгэн шалгуургүйгээр олгосон байх тул шүүх Засаг даргыг огцруулсан шийдвэрүүдэд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь Хурлын үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхээр хязгаарлагдана. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)