О.ЦОГТГЭРЭЛ: АН-ын бүлгийн гишүүд том хэмжээний хулгайд оролцоогүй гэдэгт итгэж байна

Admin | 2022-12-06


Ардчилсан намын бүлэг ээлжит хурлаараа дараах асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар

- МАН-ын мөрийн хөтөлбөрийн дүгнэлт

- Төмөр замын хуулийн тухай мэдээлэл танилцуулга

- Дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзалт ярилцлага

- Нүүрсний хулгайн асуудлаар тус тус хэлэлцлээ.

Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид энэ жилийн төсөвт дүүргийн орлогыг хэт өндөр тавьж төсвийн хуваарилалтыг тэгш бус хийж байгаад бухимдалтай буйгаа илэрхийллээ.

Бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр бүлгийн дарга О.Цогтгэрэл: Нүүрсний хулгайн асуудалд АН-ын бүлэг хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдээллүүдээ ил тод, олон нийтэд хүргэ гэсэн шаардлага хүргүүлсэн. Хоёр долоо хоногийн хугацаанд ямар ч мэдээлэл ил тод болсонгүй. АН-ын бүлгийн гишүүдээс хулгайн асуудалд холбоотой гэх мэдээллийг тарааж байна. Тийм том хэмжээний хулгайг эрх мэдэлтэй, албан тушаалтай мэдээлэлд ойр хүмүүс хийх боломжтой. Манай намын бүлгийн гишүүд тийм том хэмжээний хулгайд оролцоогүй гэдэгт итгэж байна" гэв.

УИХ-ын гишүүн С. Одонтуяа: Нүүрсний уурхайтай холбоотой нээлттэй сонсгол явуулах талаар гишүүд гарын үсэг цуглуулж байна. Сүүлийн үед бүхий л асуудлыг тэр дундаа Хөгжлийн банктай холбоотой болон нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг АН-руу чихсэн увайгүй үйлдэл гарч байгаа. Тиймээс АН-ын бүлэг энэ асуудлыг шийдвэрлэхэд уриалан оролцоно.

А. Адъяасүрэн гишүүний хувьд бол ямар нэгэн нүүрсний уурхайн орд байдаггүй. Нүүрсний тээвэр хийдэг компанитай байсан. Тээврийн үнэ, шатахууны үнийн өсөлт зэрэг олон шалтгаанаас бизнес хийх боломж нь хумигдсаар байгаад одоо ямар ч машингүй болж тээврийн бизнес нь хаагдсан. Энийг бол хамгийн эрх мэдэлтэй, мафижсан сүлжээнийхэн, гаалийнхан гээд хэн танилтай хүмүүс л хийж чадна. Тийм учраас А.Адъяасүрэн гишүүн ямар нэгэн хамаарал байхгүй гэдгийг АН-ын бүлгээс хариуцлагатай мэдэгдэж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Нүүрсний хулгай гэдэг бол үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх асуудал.

Монгол Улс тагнуулын байгууллагатай, эдийн засгийн асуудлыг хянадаг нэгжтэй. Мөн гааль, хилийн цэргүүд ч хяналтыг тавьж байгаа. Хэрэв хулгай байгаа бол энэ бүх газарт бүлэглэл бий болсон гэсэн үг. Одоогоор эдгээр газруудаас өгч буй мэдээлэл зөрүүтэй байгаа" гэв

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)