Хулгайчдаа эвийлж, иргэдээ ТАТВАРААР ДАРАМТАЛДАГ төр

Admin | 2022-12-08


   Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 20 гаруйхан хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн нэмэлт заалт олны бухимдлыг төрүүлж байна. Товчхондоо сардаа 10 сая төгрөгөөс дээш цалин авдаг иргэн татварын нэмлт өөрчлөлтийн дагуу 10-20 хувь нэмж төлнө гэсэн үг. Харин Монголд 10 сая төгрөгөөс дээш цалинтай 1300 иргэн байдаг аж. Хэдийгээр хуулийн заалт цөөнхөд үйлчлэх, дийлэнх иргэдэд хамаарахгүй мэт харагдах боловч энэ бол татвараар дарамталж буй нэг хэлбэр юм. 10 сая төгрөгийн цалинтай иргэдийн орлогоос төр шууд хумсалж байна гэсэн үг. Төрийн хулгайгаа илрүүлж чадахгүй шившигээ тарьж буй төр хувь хүний халаас руу өнгийхөөр шийдсэн бололтой.

Татварын байгууллага үүнийгээ зөвхөн 10 сая төгрөгөөс дээш цалинтай 1300 иргэнд л хамаатай хэмээн их л зөөлрүүлж тайлбарлаж байна. Гэвч тухайн 1300 хүн өнөөдрийн цалингийн түвшинд хүрэхийн төлөө хичнээн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, золиос гаргасан бол. Энд улс эх орноо тонон дээрэмдсэн төрийн хулгай хийдэг хүмүүсийн талаар яриагүй. Цалингийн орлого ярьж байна.

Тэгвэл ирэх сарын 1-нээс хэрэгжих хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол "Та бусдаасаа их цалин авч байгаа учраас талыг нь татварт тушаа" гэсэн систем ажиллаж эхлэх нь. Ийм дарангуйллын чанартай хуулийн заалт оруулж ирээд байхаар энэ улсад чинь хэн ажиллах юм бэ, хэн ажиллаж ахиу цалин авахыг хүсэхийн. Ингэхээр иргэдийн амьдрал яаж сайжрах юм. Өнөөдөр 1300 хүнд хамаатай мэт харагдаж байгаа боловч явцын дунд ахиулсаар ард түмэнд хамаатай болно. Монголд дандаа дасгах, дасан зохицох технологитой явж ирсэн. Тиймээс олон нийт цахим орчинд татварын дарамтаа зогсоохыг шаардаж бухимдлаа илэрхийлсээр байна

 

                                                                                                                                                                                                                                                                         Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)