Саудын Араб иргэддээ 878 сая ам.долларын тэтгэмж олгож, харин манай 1072 хувьцаа хаачив

Admin | 2022-12-12


    Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлахыг шаардаж ард түмэн арав хоног төв талбайд жагсаал хийж, суулт зарлаж байна. Улс төрчид дор бүрнээ сандралдаж байгаа бололтой. Зарим нь цахим орчинд өөрийгөө өмгөөлж их л эмзэг загнаж байгаа нь ч байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг сэтгүүлчдийн асуултад "Иргэд та нарт ч гэсэн 1072 хувьцаа байгаа биз дээ. Нүүрсний хувьцаатай л бол хулгайч" хэмээн их л тэвдэнгүй уурсаж хариулав. Гишүүн ард түмнээ нүүрсний хулгайд гүтгэчхэв. Үнэндээ нүүрсний хулгайн хэдэн их наяд төгрөгийн хажууд 1072 хувьцаа юу ч биш. Тэгээд ч ард түмэнд олгосон 1072 хувьцаа бол байгалийн баялгаас иргэдэд хүртээж буй хишиг буюу нэг төрлийн дэмжлэг төдий. Гэвч 1072 хувьцаа өнөөдөр бүтэн иргэдийн гарт ирээгүй замхарсан. Харин гишүүн бусад улс оронд энэ төрлийн тодорхой дэмжлэг байдгийг мэддэггүй бололтой. 

Тухайлбал, Саудын Араб дахь "Иргэний дансны хөтөлбөр" нь 2017 оны арванхоёр дугаар сараас хэрэгжиж эхэлсэн бэлэн мөнгө олгох хөтөлбөр бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хөгжлийн яамнаас уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Энэ нь Саудын Арабаас ашиг хүртэгч иргэдийн дансанд сар бүр бэлэн мөнгө байршуулах замаар тус улсын иргэдийг эдийн засгийн янз бүрийн шинэчлэлээс үүдсэн шууд, шууд бус болон болзошгүй нөлөөллөөс хамгаалах зорилгоор эхлүүлсэн үндэсний хөтөлбөр юм. Уг хөтөлбөрөөр дамжуулан Саудын Арабын иргэд улсаас сар бүр төлбөр авдаг байна. Энэхүү санхүүгийн дэмжлэг нь цахилгаан, шатахууны үнэ нэмэгдэж, олон бүтээгдэхүүнд НӨАТ ногдуулсантай холбоотой юм. Зөвхөн энэ оны наймдугаар сарын төлбөрт Иргэдийн дансны хөтөлбөр 3.6 тэрбум Саудын Араб риал буюу 957,222,252 ам.долларыг 10.9 сая орчим өргөдөл гаргаж, шалгуурт тэнцсэн тэтгэмж авагчдад зориулж олгохоор байршуулжээ. Наймдугаар сард төлөгдөх тэтгэмж  хөтөлбөр эхэлснээс хойшх 57 дахь төлөлт бөгөөд, хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш ашиг хүртэгчдэд төлсөн нийт дүн нь 127 тэрбум Саудын риал буюу 33,767,382,300 ам.долларт хүрсэн байна. Зөвхөн өнгөрсөн аравдугаар сард гэхэд л 3.3 тэрбум Саудын риал буюу 878 сая ам.долларын тэтгэмж олгожээ.

Мөн Газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгчдийн мужид төлсөн орлогыг ашиглан байгуулагдсан "Аляскын байнгын сан" нь Аляскын оршин суугчдад жил бүр бэлэн мөнгөний ногдол ашиг өгдөг байна. 2014 онд нэг оршин суугчид ногдол ашиг 1884 ам.доллар байсан. 2022 оны байдлаар Алескын сангийн ногдол ашиг 3824 ам.доллар байна.

 

 

Open photo

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)