С.САЙНЗОРИГ: УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг УИХ-ын ёсзүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчилж АТГ шалгахаар хуульд оруулж байна

Admin | 2022-12-13


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзориг мэдээлэл өглөө. "Эрүүгийн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэргүүдтэй холбоотой заалтуудыг анхаарч, дахин боловсруулан түргэн шуурхай батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Төв талбайд жагсаж байгаа иргэдийн тавьсан нэлээдгүй шаардлага энэ хуульд туссан.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байхыг хэлсэн байгаа. Монгол Улсын нэгдэж орсон авлигын эсрэг конвенцод нийцүүлж халдашгүй бүрэн эрхийг халхавчлан хөөн хэлэлцэх хугацааг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээдэггүй тохиолдлууд гардаг.

Эрх бүхий этгээдээс хөөн хэлэлцэх хугацааг тоолоод эхэлсэн байгаа. Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болно. Энэ тохиолдолд тухайн институц бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрхийн хугацаа дууссанаас нь эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагад татах бололцоог энэ хуулиар бүрдүүлж байна.

Сонгуулийн дараа ч юмуу тодорхой албан тушаалтнууд буусны дараа хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагыг ярих юм.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлалт үзүүлэхгүй байх заалтыг Эрүүгийн хуульд оруулж байна.

Эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг торгох ялаас хаслаа.

Авлига, албан тушаалын тодорхой гэмт хэргүүд буюу эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэгт эрх хасах ялыг 20 жил хүртэл хугацаагаар оногдуулахаас гадна төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар хуулийн төсөлд тусгалаа.

Авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулахгүй байх буюу ердийн горимоор шийдвэрлэх заалтыг өргөн мэдүүлэхээр боллоо.

Маш их хэмжээний авлига авчихаад 40 сая төгрөгөөр торгууллаа гэдэг зүйл иргэдийн дунд гардаг. Энэ асуудалд хариулт өгөх үүднээс торгох ялыг хассан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдолд тодорхой түвшинд хөрөнгө хураах заалтуудыг оруулж байна. 

Мөн авлигын эсрэг хуульд өөрлөлт оруулж байна. УИХ-ын гишүүдийн Хөрөнгө оруулгын мэдүүлгийг УИХ-ын ёсзүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчилж Авлигатай тэмцэх газар шалгахаар Авлигын эсрэг хуульд оруулж байна" хэмээн тайлбарлалаа.

Түүнчлэн нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, өөрийн орлогоосоо давсан эд хөрөнгөтэй, машин тэрэгтэй байвал татвар, орлоготой нь уялдуулан шалгаж байх чиглэлийг Засгийн газраас өгсөн гэдгийг хэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)