ЕРӨНХИЙ САЙД нүүрсний хулгайтай хийх ТЭМЦЛЭЭ зөвлөх А.Амундрагаасаа эхлэх үү

Admin | 2022-12-14


   Засгийн газар нүүрсний хулгайтай хатуу тэмцэнэ хэмээн амлалт өгч эхний ээлжинд 17 хүний нэрийг АТГ-аас зарласан. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, З.Энхболд тэргүүтэй хүмүүсийн нэр ил болов. Түүнчлэн одоогийн парламентад суугаа долоон гишүүний нэр багтсан ч харагдана. Гэхдээ нэг зүйл их л сонирхол татна.

Дээрх нэрс дунд улсад их хэмжээний хохирол учруулсан гэх “Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Амундрагийн нэр яагаад байсангүй вэ. А.Амундра нь өөрийн компанид ашигтай байдал үүсгэж улсад их хэмжээний хохирол үүсгэсэн гэрээнд гарын үсэг зурсан хүн.

Засгийн газраас есөн оффтэйк гэрээг ил болгож, нууцаас гаргасан. Оффтэйк гэрээ байгуулж, нууцлалын зэрэглэлд оруулж улсад 187 тэрбум хохирол учруулаад буй газар нь “Бодь интернэшнл” компани. Товчхондоо тус компанид давуу эрхтэй олгосон гэж хардаж байгаа. Товчхондоо Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “Бодь интернейшнл” компани барьсан. Ингэхдээ “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-тай оффтейк гэрээ байгуулсан байдаг. Төмөр зам барьсан хөлсөндөө нүүрс авахаар тохиролцсон байгаа юм. Монгол талаас хамгийн том худалдан авагч нь "Бодь интернэшнл" компани болсон гэсэн үг. Дээрх гэрээнд “Эрдэнэс тавантолгой” компанийн ерөнхий захирал Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Бодь интернэшнл” компанийн захирал А.Амундра нар гарын үсэг зурсан нь ил болсон. Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарыг нүүрсний хэргээр шалгаж байгаа. Гэтэл оффтэйк гэрээ нэрээр өөртөө ашигтай байдлаар гэрээ хийж, улмаар хэд хэдэн удаа ашиг сонирхолдоо нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулж улсад их хэмжээний хохирол учруулсан газар нь “Бодь интернэшнл” компани, болон удирдлага А.Амундраг шалгаж байгаа юу.

Учир нь А.Амундра өнөөдрийн нүүрсний хулгайтай тэмцээд буй Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх. Оффтэйк гэрээг улсын нууцаас ил гаргасан хэр нь холбогдогчийг нь яагаад шалгахгүй тойроод байна вэ. Бүр хажууд нь зөвлөхөөр сууж байхад шүү дээ. Тиймээс үнэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэж байгаа бол энэ тэмцлээ зөвлөхөөсөө эхэлмээр байна. Тэгвэл нүүрсний хулгайтай тэмцэж буй тэмцэлд чинь бага ч гэсэн итгэл төрөх биз ээ.

                                                                 А.Амундра гэж хэн бэ

Яагаав нөгөө хайртай бүсгүйдээ 60 сая төгрөгийн цэцэг бэлэглэсэн хүн нь Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра гээд цахим орчинд хэсэг хэрэгт дуртай хүмүүсийн ярианы сэдэв болоогүй юу. А.Амундраг “Голомт” банкны Г.Баясгалангийн хүн ч гэж улс төрийн хүрээнд яригддаг. Учир нь түүний өнөөдрийг хүрсэн карьерын замнал нь дээрх яриа гарах үндэс болсон гэхэд хилсдэхгүй биз. А.Амундра анх BX зэрэг залуу дуучидтай нийлж талбай дээр урлагийн тоглолт зохион байгуулдаг байсныг нь урлагийнхан андахгүй байх. Улмаар контент, тэр дундаа медиа салбар дөнгөж эхлэх үеэр хурдацтай гарч ирсэн сайн менежер гэгддэг. Тэрбээр 2007 онд “News.mn” төслийг санаачлан медиа салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2009 оноос “Боловсрол суваг” телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж улмаар “Монгол масс медиа” группийг 2010 оноос хойш удирдаж өдгөө мэдээ, мэдээллийн төрөлжсөн “Монголын медиа корпораци”, контент үйлдвэрлэлийн “Гэр” контент групп, онлайн болон телевизийн худалдааны “Шууд” суваг бүхий олон талын үйл ажиллагаатай Монголын тэргүүлэх медиа групп болгож өргөжүүлсэн нэгэн. Энэ бүх төслийг “Голомт” банкны эзэн Г.Баясгалан санхүүжүүлсэн гэдэг яриа ч бий. Улмаар 2017 онд “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. Ингээд 2021 оноос Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байна. Мөн Монголын үнэн сонины эрхлэгчээр томилогдож байсан. Хамгийн сонирхолтой нь А.Амундра нь нэгэн цагт АН-д хүчин зүтгэж явсан хүн. Хотын дарга асан Э.Бат-Үүл  зөвлөхөөр хэдэн жилийн өмнө ажиллаж явсан түүхтэй. Харин сүүлийн хоёр сонгуульд МАН-д хэвлэл мэдээлэл, медиа чиглэлээр сайн менежер хийж ялалтад багагүй хувь нэмэр оруулсан гэгддэг А.Амундра шагналаа “Бодь интернэшнл”-ээр дамжуулж чамгүй хүртсэн юм болов уу гэдэг хардлага олны дунд төрөөд явчихлаа. Олны үг ортой эсэхийг Засгийн газрын тэргүүн л мэдэх хэрэг болж дээ. Ядаж л ил болгосон гэрээнээс их хэмжээний “но” уншигдаж байхад хуулийн байгууллага шалгаж, нэрийг нь зарлахгүй байгаа нь хачиртай биш гэж үү. 

May be an image of 2 people, people standing and suit

                                                                                                                                                                                             Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)