Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар тогтоолын төслийг танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар 25.5 дахь хэсгийг үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар төсөлд тусгажээ. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ажиллах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар ажиллах юм байна.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Энэ өдрийн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.