Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёр хоногийн өмнө хил давж БНСУ руу явжээ. Түүнийг АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотойгоор шалгаж байсан билээ. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Х.Баттулга АТГ-т өөрийн биеэр очиж мэдүүлэг өгч буй бичлэг цахим орчинд тарсан байдаг. Харин шалгагдаж байх үеэр ийн хил давсан нь зугтааж байна гэсэн олны хардлагыг төрүүлээд байгаа юм.
Үнэхээр АТГ нүүрсний хулгайд холбогдон шалгаж байсан хүнээ алдчихаж байгаа хэрэг үү. Эсвэл МАН-ын удирдлагууд нүүрсний хулгайд шалгагдаж байгааг нь мэдсээр байж зориуд хилийн хориг тавьсангүй юү.
Түүнийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн есөн оффтейк гэрээг нууцын зэрэглэлээс гаргасантай холбогдуулж ийнхүү нүүрсний асуудалд шалгаж байна. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг ахалж байхдаа энэ гэрээнүүдийг нууцын зэрэглэлд оруулж бусдад давуу байдал олгосон, Тавантолгой төмөр замыг барихтай холбоотой асуудалд холбогдсон зэрэг шалтгаанаар АТГ-аас шалгаж байгаа.
Энэ талаар АТГ-аас "Ерөнхийлөгч асан Х.Баттулга хувийн баталгаа гаргаж, БНСУ руу эмчилгээнд явсан. Дуудсан цагт ирээд, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байвал заавал биеэр хорих, хилийн хориг тавих шаардлагагүй" гэж үзсэн хэмээн тайлбар хийв.
Гэхдээ нэг зүйлийг эргэн сануулахад Х.Баттулгыг ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед түүнтэй ойр ажиллаж байсан албан тушаалтнуудаас АТГ-т шалгагдаж байх үеэрээ хил давж зугтсан жишээ бий. Хэдхэн жилийн өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээтэй холбоотойгоор шалгагдаж байх үедээ хил давж АНУ-д очиж бүгсэн. Одоо түүнийг интерполоор эрэн сурвалжлаад ч манай хууль хяналтын байгууллагынхан авчирч чадахгүй байгаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулга яг түүн шиг оргон зайлахгүй, эргэж ирнэ гэсэн баталгаа бий билүү, Авлигатай тэмцэх газрынхаан.
Бүр ойрхоны жишээ ч байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх "Таван толгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар яг ийм жишгээр буюу хэрэгт шалгагдаж байх үеэрээ хилээр гарсан байдаг. Одоогоор тэдэнд ямар нэгэн байдлаар хуулийн хариуцлага хүлээлгээгүй өдийг хүрсэн билээ.
Харин зарим улс төрчдийн зүгээс яагаад нүүрсний хулгайн асуудалд гүнзгий холбогдсон, бараг толгойлогч нь гэхээр хүнд хувийн баталгаа гаргах гэдэг хамгийн бага таслан сэргийлэх арга хэжээ авсан юм бэ гэх асуулт тавигдаж байна.
Хувийн баталгаа гаргах тухай Эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд доорх байдлаар заажээ.
14.2 дугаар зүйл.Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр авна.
2.Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
У.ХҮРЭЛСҮХ: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг...
tentsver.mn | 17 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14