Нүүрсний хулгайтай холбоотойгоор АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Уг хүмүүсийн магнайд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр зарлагдсан билээ. Тиймээс Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт мэдүүлэг өгөхөөр АТГ-т очиж буй бичлэг хүртэл цацагдсан. Гэвч тэрбээр өнгөрсөн ням гарагт БНСУ руу явсан байна. Хууль хяналтын байгууллагын зүгээс Х.Баттулгыг эмчилгээнд явсан гэх тайлбарыг өгсөн. Харин олон нийт Х.Баттулгыг нүүрсний хэргээр унах нь тодорхой болоод хил давж зугтаалаа хэмээн ярьж байгаа юм. Хардах хэд хэдэн шалтгаан бий.
Нэгдүгээрт, Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт өөрийн биеэр мэдүүлэг өгөхөөр АТГ-т очсон. Энэ өдрөөс ердөө ганцхан хоногийн дараа хил давчихсан. Анхнаасаа бие нь эмчилгээ хийлгэх хэмжээнд байсан бол мэдүүлэг өгөхөөр явахгүй л болов уу. Ямартай ч АТГ-т очиж мэдүүлэг өгөх үеэр байдал эвгүйдсэн болохыг ойлгоод ум хумгүй гарсан байж болох юм. Магадгүй түүнд нэгэнт цагтаа зөвлөхөөрөө ажиллуулж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүү тусалсан ч юм билүү. Ямартай ч улс орны хэмжээнд жагсаал цуглаан хүчээ авч жагсагчид нэрс шаардаж байхад АТГ-аас ангайж сууж байгаад ганц хоёр зарласан нэрээ хилээр тавиад туучихмааргүй л байлтай.
Хоёрдугаарт, “Бодь интернэшнл” компанийн үүсгэн байгуулагч, “Голомт”-ын тодотголтой Д.Баясгалан гэнэт гарч ирж мэдээлэл хийв. Энэ зүгээр ч нэг тохиолдол биш л болов уу. Ярианы өнгө, биеийн хэлэмжээс харахад их л сандарсан, яарсан харагдсан. Х.Баттулгыг ҮАБЗ-ийн тэргүүн байх үед “Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээ хийгдэж, нууцын зэрэглэлд оруулсан байдаг. Тавантолгойгоос -Гашуун сухайт хүртэлх төмөр замыг тавьж үүнийхээ хөлсөнд “Эрдэнэс тавантолгой” компаниас тонн нүүрсийг 60 ам.доллар буюу маш хямдаар авах гэрээ хийсэн байгаа юм. Гэтэл Д.Баясг алан өчигдрийн мэдээллээрээ нийт өртөг нь 829 сая ам.доллар. Үүнээс Засгийн газар 400 сая ам.долларыг нь нүүрс болон бэлэн мөнгөөр хаасан. Одоо төр “Бодь интернэшнл” компанид 220 сая ам.долларын өртэй болоод явчихлаа. Хэрэв энэ мөнгөө өгөхгүй бол дараагийн Богд хаан төмөр замаа өөрсдөө тавиараа хэмээн гомдоллоод авсан. Гэхдээ энэ бол зүгээр ч нэг гомдол биш цаагуур үг дайсан хэрэг. Магадгүй Х.Баттулга өөрийгөө аваад зугтсан учраас Д.Баясгалан ч өөрийгөө хамгаалах арга тал бодож төрийг сүрдүүлэхээр яаран мэдээлэл хийсэн ч байж магад. Аль эсвэл ямар нэг дарамтад орсон уу. Ямартай ч нүүрсний хулгай яригдсан үеэс МАН-ын гишүүдийн амнаас Х.Баттулга, “Голомт”-ын Д.Баясгалан гэсэн нэрс хэлхээтэй яригдаж ирсэн нь үнэн.
Гуравдугаарт, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хилийн цаана багийнхантайгаа уулзахаар явсан уу. Нөхцөл байдалд эргэж хөл гарын үзүүрийн хүмүүс хоригдох нь хоригдож, хил давах нь даваад явчихсан учраас ганцаараа хүчгүйдэж хилийн чанадаас асуудлыг зохицуулахаар явсан байж таарах уу. Учир нь түүний нэрийг нүүрсний хулгайн сургаар анхнаасаа л олон нийтэд шидсэн. Ингээд түүний хань хамсаатан гэж яригддаг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг албан тушаалаас нь буулгаж, улмаар цагдан хорьсон. Мөн “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргалыг АТГ-аас шалгаж байгаа боловч тэрбээр аль хэдийн БНСУ-аар дамжаад АНУ руу гарсан гэх мэдээлэл цацагдсан. Түүнчлэн Х.Баттулгын үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир хил давсан хэмээн олон нийт шуугьсан. Үүний хариуд Ө.Шижир хөлбөмбөгийн тэмцээнтэй холбоотойгоор Катарт явж байна гэж энэ сарын 13-нд цахим хуудсандаа бичсэн байдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй сурагтай. Үүнээс харахад хилийн цаана уулзахаар тохиролцсон ч байж мэдэх юм.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын...
tentsver.mn | 44 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14