БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан хөрөнгө оруулалтын ажлын явцын мэдээллийг танилцууллаа

Admin | 2022-12-19


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хөрөнгө оруулалтын ажлын явцын мэдээллийг Байнгын хороонд танилцууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022 оны төсвийн жилд нийт 544 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд батлагдсан 430 төсөл, арга хэмжээ, өмнөх онуудад хэрэгжиж эхэлсэн боловч бүрэн дуусаагүй он дамжин үргэлжилж буй 114 төсөл, арга хэмжээ байна.

Төсөл, арга хэмжээг ангиллаар нь авч үзвэл хөрөнгө оруулалтын 371, их засварын 21, тоног төхөөрөмжийн 37, ТЭЗҮ-гийн 1 төсөл хэрэгжиж байгаа болно.

Энэ онд шинээр хэрэгжих 174 төсөл, арга хэмжээний хувьд захиалагчийн хяналт тавих, худалдан авалтыг зохион байгуулах эрхийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн орон нутаг, мэргэжлийн байгууллагад 100 хувь шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга 24 төсөл, арга хэмжээ буюу 13.7 хувь, аймгийн Засаг дарга нар 79төсөл, арга хэмжээ буюу 45 хувь, Төрийн худалдан авах ажиллагааны газар 71 төсөл, арга хэмжээ буюу 41.3 хувийн төсөл, арга хэмжээг тус тус хэрэгжүүлж байна.

Эдгээрээс 160 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулан ажил, үйлчилгээгээ үзүүлсэн бөгөөд үлдэх 14 төсөл, арга хэмжээ нь одоогийн байдлаар гүйцэтгэгч шалгараагүй ба худалдан авах ажиллагааны явц 92 хувьтай байна.

Барилга угсралтын ажлын дундаж гүйцэтгэл 55.6 хувьтай байна.

Энэ онд ашиглалтад орох боломжтой, ажлын гүйцэтгэл явц нь 80-100 хувийн гүйцэтгэлтэй 107 төсөл, арга хэмжээ байгаагийн 97 барилга, байгууламжийн төсөл, арга хэмжээ нь 2022 оны жилийн эцсээр бүрэн ашиглалтад орох бөгөөд үүнд 15,718 хүүхдийн хүчин чадалтай 32 сургууль, 6560 хүүхдийн хүчин чадалтай 40 цэцэрлэг байна. Үүнээс:

1/ 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар ашиглалтад орж улсын комиссын акт баталгаажсан 52 төсөл, арга хэмжээ ашиглалтад орсон.

2/ Барилга угсралтын ажлын явц 80 хувиас дээш гүйцэтгэлтэй бөгөөд 2022 оны жилийн эцсээр ашиглалтад орох боломжтой 45 барилга байгууламж байна.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хувьд хэрэгжилт удаашрах, төсөвт өртөг нэмэгдэхэд шууд болон шууд бусаар нөлөөлсөн дараах нийтлэг шалтгаан байна. Үүнд:

1) Анх баталсан төсөвт өртөг нь зураг төсөв, магадлалын нэгтгэсэн дүгнэлтгүй байх;

2) Түлхүүр гардуулах нөхцөлтэй сонгон шалгаруулалт зарлаж, гэрээ байгуулсны дараа төсвийн магадлалын дүн батлагдсаны улмаас төсөвт өртөг нэмэгдэх;

3) Анх батлагдсан төсөвт өртөг нь төсөл, арга хэмжээг дуусгахад хүрэлцэхгүй /сонгон шалгаруулалтад нэг ч оролцогч ороогүй/ шалтгаанаар ажлын тоо хэмжээг салгаж тендер зарлах;

4) 2 ба түүнээс дээш жил үргэлжлэн хэрэгжих төсөл арга хэмжээний хувьд дотоод болон гадаад эдийн засаг дахь барилгын материалын үнэ, цалин, тээврийн зардлын өсөлт гарснаас гэрээний үнэ нэмэгдэх;

5) Анхны зураг төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлууд барилга угсралтын ажлын явцад гарч ирэх;

6) Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компани санхүүгийн чадамжгүй, зохион байгуулалт муу, ажиллах хүчний нөөцгүйн улмаас барилга угсралтын ажил он дамжин удаашрах.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)