УИХ-ын гишүүн Ц.Туваанаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцлаа

Admin | 2022-01-04


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрөгч оны 11 дүгээр сард байгуулсан. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Т.Аубакир, Н.Ганибал, Г.Дамдинням нар ажиллаж байна.

Ажлын хэсгийн гишүүд өчигдөр (2022.01.04) Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хөдөө аж ахуйг дэмжих сан нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын удирдамж, үндсэн чиглэл, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж, зөв зохион байгуулалттайгаар хуваарилах замаар үр тарианы үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг.

 

Тус сан нь жил бүр тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс шатахуун, ургамал хамгааллын бодисууд, бордоо, үрийг буудай зэргийг 0-30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэйгээр олгодог.

Мөн усалгааны тариаланг хөгжүүлэх, услалтын систем байгуулах, техник технологийн шинэчлэлтийг дэмжих зорилгоор ОХУ, БНХАУ, БНБелУ-аас үр тарианы комбайн, трактор, үрлэгч, сийрүүлэгч, сэндлэгч, иш өргөгч, үр ариутгагч, хор цацагч, ангилангийн жатка, 100-500 тонн багтаамж бүхий ган силосууд тодорхой нөхцөлтэйгээр хөнгөлөлттэй зээлээр олгодог байна.

  

Түүнчлэн төмс, хүнсний ногоо, жимсний аж ахуй эрхлэгчдэд зориулан 1-3 га услалтын систем, хүлэмж, жимсний суулгац, хөргүүр, бага оврын хадлангийн трактор, төмс, хүнсний ногооны трактор, мотоблок зэргийг хөнгөлөлттэй зээлээр олгодог.

Хөдөө аж ахуйг дэмжих сан Улаанбаатар хотод бараа хадгалах 38 ширхэг буюу 1.224м3 агуулах, нефтийн 6.9 мян.м3 агуулахтай бөгөөд Булган, Сэлэнгэ, Хөтөл, Хархорин, Угтаал, Дархан гэсэн нийт 188.0 мян.тн буудай хүлээн авах хүчин чадал бүхий долоон салбартай. Эдгээр салбарууд үр тариа цэвэрлэх, хатаах замаар стандартад нийцүүлэх, буудайг технологийн шаардлага хангасан орчинд хадгалах, буудайн борлуулалтад дэмжлэг үзүүлэх, агуулахын түрээсийн үйлчилгээ үзүүлэх, дэмжлэгээр олгох бараа бүтээгдэхүүнийг хадгалах, түгээх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

 

Одоогийн байдлаар дотоодын 30 орчим аж ахуйн нэгж гурил үйлдвэрлэх зорилгоор тус санд нөөцлөгдсөн хүнсний улаан буудай худалдан авч байна.

Тус сангаас 1411 иргэн, аж ахуйн нэгжид 34.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ. Үүнээс намрын ургац хураалтаас 11.3 тэрбум төгрөгийг урьдчилгаанд авсан байна.

 

2021 оны намрын ургац хураалтаас бохир жингээр тооцвол нийт 62.699 тонн хүнсний буудай хүлээн авснаас хорчгор, хайрагдсан зэрэг шалтгаанаар 2934 тонн хорогдол гарчээ. Ингээд буудайн цэвэр жинг тооцвол 59.764 тонн болж байгаа. Гэхдээ энэ жилийн буудайн чанар төдийлөн хангалттай биш бөгөөд нийт хүлээн авсан буудайн 71 хувь нь 4-р ангилал, 23 хувь нь 3-р ангилал, 4 хувь нь 2-р ангилал, үлдсэн хувь нь 1-р ангиллын буудай байна. Намрын ургац хураалтаас хүнсний буудайг 707 төгрөгөөр тооцож худалдан авч байгаа. Үрийн буудайн хувьд 16 иргэн, аж ахуйн нэгжээс 12.732 тонн үржүүлгийн буудайг авч нөөцөлсөн. Хошуу будааны үр 82.2 тонн байгаа гэдгийг Хөдөө аж ахуйг дэмжин сангийн гүйцэтгэх захирал О.Сумьяасүрэн танилцууллаа.

 

2021 онд 22,4 тэрбум төгрөгийн авлагыг буудайгаар, 17,7 тэрбум төгрөгийн авлагыг мөнгөн хэлбэрээр буюу нийтдээ 40,1 тэрбум төгрөгийг барагдуулсан нь өмнөх жилүүдэд байгаагүй өндөр үзүүлэлт гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

ОХУ-аас элит үр 7,362.5 тонн, үржүүлгийн үр 2,696.2 тонн буюу нийт 10,058.8 тонн үрийн буудай хүлээн авч үрийн шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлжээ.

Цаашид салбарын үйл ажиллагааг дэмжих хүрээнд одоо ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжүүд шинэчлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрөөс цогц бодлогоор дэмжих, тус санг бие даасан үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэйг хэлж байлаа. Тухайлбал, салбаруудыг сангийн харьяанд бие даасан төсөвт байгууллага хэлбэрт шилжүүлж ажиллуулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс үүдэн санд хүлээсэн алдагдлыг зохих эх үүсвэрээс шийдвэрлэхэд ажлын хэсгийн зүгээс дэмжиж ажиллахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)