Цаг үеийн асуудлаар хуульч Ч.Өнөржаргалтай ярилцлаа.
-Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулж байна. Гэхдээ замбараагүй байдал үүслээ. Нээлттэй сонсголыг явуулах гол зарчим гэж бий юу?
- Хүмүүс Нийтийн сонсголыг нээлттэй сонсгол гэх мэтээр олон янзаар яриад байх шиг байна. Нийтийн сонсголын тухай ойлголт нь хомс байгаа юм болов уу даа. Хэрвээ санаж байвал сүүлийн үед томилгооны сонсгол явуулах болсон, мөн УИХ 2023 оны Төсвийн тухай хуулийг батлахдаа Төсвийн тухай хуулийн төслөөр сонсгол зохион байгуулсан. Манай улс Нийтийн сонсголын тухай 2015 онд баталж, 2016 оны эхнээс мөрдөж эхэлсэн байдаг. өөрөөр хэлбэл Нийтийн сонсголын төрөл, зохион байгуулалт, сонсголын дэг зэргийг хуулиар зохицуулагдсан байдаг. Жишээлбэл, Нийтийн сонсголын тухай хуулиар хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн, танилцах сонсгол, зөвшилцөх сонсгол, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол гэж тус тус заасан байдаг. УИХ-аас өчигдөр Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан.
-Нийтийн сонсголыг тайз хэлбэрээр заслаа гэдгээс эхлээд шүүмжлэл их байна. Ийм байрлалд үнэхээр ард түмний үг харилцан тэгш хүрч чадах болов уу?
-Хуулиар Нийтийн сонсголыг зохион байгуулахдаа ардчилсан ёс, хууль дээдлэх, баримт, мэдээлэлд үндэслэсэн байх, талуудын оролцоог тэгш хангах, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах, үр нөлөөтэй байх үндсэн зарчмыг удирдлага болгоно гэж заасан. Өчигдөр иргэд зохион байгуулалтад сэтгэл дундуур байгаагаа зохион байгуулагч нарт илэрхийлсээр сонсгол зохион байгуулах газрыг өөрчлүүлсэн байсан.
-Сонсголын үеэр ордныг хамгаалалтад авсан. Онц байдал зарлаагүй үед хүчний хамгаалалт хийх хууль, журам бий юу?
-Сонсголыг Төрийн ордон буюу төрийн тусгай хамгаалалттай газарт зохион байгуулагдсан бөгөөд онц байдал зарласан эсэхээс үл хамгааран Төрийн ордон тусгай хамгаалалттай бүс л дээ. Сонсголд оролцогчдыг Төрийн ордонд нэвтрэн орох үед замбраагүй байдал үүсгэсэн хүмүүсээс үүдэлтэйгээр тусгай хамгаагалтын газрын арга хэмжээ авч байсан байх.
-Үүнийг хүч хэрэглэж сонсголын хүчийг сулруулах гэж байна гэж ойлгож болох уу?
-Уг нь жагсаал цуглаанд оролцогчдын үгийг сонсох зорилгоор Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна гэж ойлгосон. Гэтэл Төрийн ордонд нийтийн сонсгол зохион байгуулж байх хооронд сонсголд оролцоогүй жагсаал цуглаанд оролцож байсан иргэдийг албадан тарааж эхэлсэн нь иргэдийг тодорхой хэмжээнд айдаст автуулж байна л даа. Нэг талдаа эмнэлгийн тусламж үзүүлэх тухай асуудал ярьж байгаа ч иргэд тухайн үйлдлийг нь жагсаал цуглааныг тараах гэсэн дүр үзүүлсэн үйлдэл гэж үзэж цахимаар байр сууриа илэрхийлж байгааг үзсэн.
-Таны хувьд сонсголыг үнэхээр үр дүнд хүрнэ гэж итгэж байна уу. Ер нь нүүрсний хулгайн сонсголыг хэрхэн зохион байгуулах нь зүйтэй бол. Холбогдох хууль хяналтын байгууллага, хоригдож буй хүмүүс байхгүй. Зөвхөн парламент, иргэдийн төлөөлөл л харагдаад байна?
-Сонсголын үр дүн гэдэг зүйлийн өмнө нийтийн сонсгол гэдгээ ойлгомоор байгаа юм. "нийтийн сонсгол" гэдэг нь хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагааг хэлдэг.
Өөрөөр хэлбэл Төрийн захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахын өмнө, мөн аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа мэргэжлийн байгууллагууд болон иргэд, мэргэжлийн оролцогч нарын саналыг сонсож байгаа үйл явц юм. Жагсаал цуглаанд оролцогч нарын хүсэлт шаардлагаас анзаарахад нийтээр хуулийн хэрэгжилт, шударга ёсыг эрх баригчдаас шаардаж, улсыг хохиролгүй болго гэдэг шаардлага тавьж байгаа харагдаж байгаа. Энэ хүрээндээ нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл авч, мөн өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Мэдээж энд гэмт хэрэгт холбогдон шалгагдах этгээдийн гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх тул Хяналтын ерөнхий сонсголын үр дүнг шууд тодорхойлох боломжгүй юм.
Мэдээж энэ бүхий л ажиллагааны үр дүнд гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагаа, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг шилэн болох гээд үйл ажиллагаа тодорхой түвшинд сайжруулах арга хэмжээ авч байгаа гэж найдаж байна.
-Улс орныг хамарсан томоохон гэмт хэрэгт нийтийн сонсгол явуулаад үр дүнд хүрсэн олон улсын жишээ нэрлэвэл...?
-Улс төрчдийн гэмт хэргийн сүлжээ үүссэн. Задлах боломж хязгаарлагдмал тухай олон хүн байр сууриа илэрхийлж байна. Миний хувьд ч тэр Монгол Улс хуультай орон юм бол хуулиа хэрэгжүүлэн Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд зохих хариуцлагыг хүлээлгээсэй л гэж хүсч байна.
Мэдээж сонсгол бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс биш, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, учруулсан хохирлын хэмжээг тогтоох нь мөрдөн шалгах болон прокурорын байгууллагын эрх хэмжээний асуудал юм.